Үнэнтэй үлдэх зоригийг Пугачёва бидэнд санууллаа

2025-09-13
4 минут уншина

Алла Пугачёва гэх нэрийг зөвлөлтийн үеийн Монголчууд олноороо мэднэ. Түүний хоолойг сонсож өсөөгүй гэр бүл бараг байгаагүй. Шинэ жил, дэлхийн хэмжээний наадмын тайзнаас, радио телевизийн сувгуудаар эгшиглэж байсан хүчирхэг тэр хоолой өнөөдөр харь нутгийн тагтан дээрээс намуухан цуурайтаж байна.

Хоёр өдрийн өмнө тэр Екатерина Гордеевад гурван цаг гаруй үргэлжилсэн ярилцлага өгч амьдралынхаа хамгийн хүнд, хамгийн үнэн мөчүүдийг хүүрнэв.

Уг ярилцлагын өгүүлэмж, санааг дэлхийн хэвлэл мэдээллүүд өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байхад манайд харин таг чиг…

Оросын нийгэмд эхэлсэн үзэл суртлын дайнаас түүнд ирсэн айдас, хавчлага, урвагч гэж нэрлэгдсэн доромжлол, бас өөрийн үр хүүхдийг хамгаалах гэсэн эгэл нэгэн ээжийн цөхрөл ярилцлагад нэвт шингэжээ. Урлагийн гоёмсог өнгө байгаагүй, харин хүний үнэн хувь заяа дуулдаж байлаа.

Украины дайн эхлэхэд Орост хамгийн түрүүнд золиос болсон зүйл бол хүний эрх чөлөө, үзэл бодлын эрх. Кремлийн суртал ухуулга дайнд эргэлзсэн бүхнийг “урвагч” хэмээн зарлаж, ард түмнээ айдас дор барьж эхлэв. Энэ уур амьсгалд олон хүн чимээгүй болж, зарим нь дүр эсгэж, цөөн хэдэн зоригтнууд л үнэнийг хэлснээрээ хавчлагад өртөв. Пугачёва тэр цөөнхийн нэг байлаа. Нөхрөө өмөөрсөн, хүүхдүүдээ хамгаалсан түүний үг бүр эрх баригчдад “хорлонтой” сонсогдов.

“Бурхан тэвчээртэй. Гэхдээ бүх зүйлд хязгаар бий” гэж тэр хэлсэн. Украин дахь бяцхан хүүхдүүдийг Оросууд цэцэрлэгтэй нь бөмбөгдөж газартай тэгшилсэн хар дарсан зүүд шиг явдалтай түүний энэ үг уялддаг. Энэ өгүүлбэр нэгэн цагт Кремлийн талбайг дуугаар эзэлж байсан дуучны амнаас бус, эх орныхоо дарангуйлалд цөхөрсөн энгийн хүний зүрхнээс гарсан.

Арван таван настай ихэр хүүхдүүд нь сургууль дээр “Арбатын хүүхдүүд” гэх доромж нэртэй тулж, гэр бүл нь өдөр бүр доромжлолд өртөж эхлэхэд тэрээр “эх орон” гэх үгний үнэ цэнийг дахин тунгаажээ. Эх орон гэдэг бол зөвхөн газар нутаг биш, харин тэр газарт амьдрах хүмүүс гэдгийг тэр өөрийнхөөрөө ойлгосон. Харин хүмүүсийг алж, хүүхдүүдийг хөнөөж буй газрыг эх орон гэж нэрлэх нь үнэнээс зөрөх мэт санагдсан биз.

Оросыг орхин гарахдаа тэр ердөө гучхан мянган доллартой гарчээ. Нэгэн цагт ард түмний хайр хүндэтгэлийн бэлгэдэл, эрх баригчдын шагналын эзэн, “СССР-ийн ардын жүжигчин” цол хүртсэн агуу дуучин ингэж эгэл жирийн дүрээр хил давав. Нэр төр, цол хэргэм, хүндэтгэл гээд бүгдийг үлдээж, зөвхөн гэр бүлийнхээ амьдрал, хүүхдийнхээ амийг хамгаалах гэсэн зөн совин, эхийн хайр байлаа.

Энэ бүгдийн дундаас түүний хань Максим Галкин хамгийн их зовлон амсжээ. Оросын төрийн суртал ухуулгад элэглэлийн жүжигчин Галкин хамгийн аюултай дайсан мэт харагдав. Телевизийн шоугаар засгийн газрыг шоглож, элэглэж байсан тэр эр өнөөдөр бүх сувгаас хөөгдөж, “гадаадын агент” гэсэн хар тамгатай үлдэв. Харин Пугачёва нөхрөө өмөөрөн, “Максим бол миний нөхөр, миний тулгуур, миний сэтгэлийн хүч” гэж хэлсэн нь гэр бүлийн үнэ цэнийг улс төрийн сүрдүүлэл ч ганхуулахгүйг нотлов.

Ярилцлагын үеэр тэр Путины бууны нохой болох Сергей Кириенко (манайхаар бол Женко юмуу даа) өөрийг нь дуудаж Кремльд уулзсан тухай дүрслэв. Энэ бол зөвхөн нэгэн дурсамж бус, харин улс төрийн дээд зиндаанд явагддаг хоёр нүүртэй харилцааны бэлгэдэл байлаа. Өнөөдөр үнсэж тэвэрдэг, маргааш нь гүтгэн доромжилдог тэр тогтолцооны шог зургийг ярилцлагын тэр хэсгээс олж харна.

“Эх орондоо болохгүй байгаа үйлдлийг буруу гэж хэлэх нь эх оронч үзэл” гэсэн түүний үгс өнөө цагийн Орос төдийгүй ертөнцийн хэмжээнд үнэ цэнэтэй дуу хоолой болон үлдэв.

Одоо явж буй дайн бол зөвхөн буу сумны дайн биш, үнэний эсрэг дайралт гэдгийг Пугачёвагийн хувь заяа харуулж байна. Путин танк, пуужингаар хүч үзэж байхад, алдарт дуучны үнэн үг тэр бүхнийг сөрөн зогсож байна. Дайн дуусна, төр солигдоно, улс орон өөрчлөгдөнө. Харин Пугачёвагийн хэлсэн үнэн үг, хүний мөс чанарыг илэрхийлсэн тэр хоолой л түүхэнд үлдэнэ. Энэ бол төмөр нударгатай хүний нэрээс ч илүү урт настай дурсамж юм.

Энэ ярилцлага түүнийг зөвхөн алдарт дуучин бус, нэгэн үндэстний түүхийн гэрч болголоо. Алдрын титэм нь түүнийг хамгаалсангүй, харин үнэнтэй үлдэх гэсэн сонголт нь түүнийг жинхэнэ хүн болгожээ. Цол хэргэм, шагнал өргөмжлөл хэзээ нэгэн цагт бүдгэрнэ, харин “Бурхан тэвчээртэй. Гэхдээ бүх зүйлд хязгаар бий” гэх үгс түүхийн хуудаснаа мөнхөрнө.

Өнөөдөр бидэнд “нөлөөлөгч” гэх үг өдөр тутмын хэрэглээ болжээ. Манай нийгэмд өөрийгөө инфлүүнсэр гэж нэрлэсэн залуус сүрхий олон. Тэд бараа бүтээгдэхүүн сурталчилж, гоо сайхны хэрэгсэл барьж зургаа авч, хэдэн мянган дагагчтайгаа гайхуулна. Гэвч тэдний үгнээс нэг ч үнэний гэрэл гарахгүй. Тэд бол зөвхөн хэрэглээний бүтээгдэхүүнтэй хамт оршин тогтнодог түр зуурын хийсвэр дүрүүд.

Харин Пугачёва бол жинхэнэ нөлөөлөгчийн жишээ. Тэр олон арван жил урлагаараа нөлөөлж ирсэн, харин өнөөдөр үнэний төлөө зоригтой дуугарснаараа нийгэмдээ нөлөөлж байна. Инфлүүнсэр гэдэг нь инстаграмын фильтртэй зураг биш, харин түүхэнд үлдэх үнэн дуу хоолой юм гэдгийг түүний ярилцлага харууллаа.

Аллагын дэргэд хэтэвчний сурталчилгаа хийж суугаа манай өнөөгийн инфлүүнсэрүүдтэй харьцуулахад, Пугачёвагийн хэлсэн ганц өгүүлбэр бүхэл бүтэн үеийн оюун санааг өөрчилж чадах хүчтэй. Түүний өвдөг чичирсэн ч гар нь хараахан чичрээгүй байгаа гэдэг үг бол түүхийн өмнө эцсээ хүртэл дуугарах зоригийн илэрхийлэл юм.

Иймээс цаг хугацааны тоосонд дарагдах олон нэр, алдрын ард жинхэнэ үлдэх дуу хоолой гэдэг нь эрх мэдэл биш, үнэнтэй үлдэх зориг гэдгийг Пугачёва бидэнд санууллаа. Путин дайнаа хийж, ертөнцийг айдаст автуулах цаг хугацаа өнгөрөх ч Алла Борисовнагийн хэлсэн үнэн үг түүхэнд мөнхөрнө. Энэ л жинхэнэ нөлөөлөгчийн хүч юм. Энэ хүч 2027 онд юу авчрахыг хүлээх л үлдлээ.

Г.Уянга

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Мөрөөдлийн үнэ цэнийг харуулах “Татар” киноны гол дүрүүд

Дараагийн хуудас

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг

Сүүлд нэмэгдсэн Newstime

Багш нарын үндсэн цалинг нэмэх боломжийг судалж, танилцуулахыг үүрэг болгов

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэрээр уулзалтын үеэр дараах мэдээллийг өглөө. Төсвийн зардлыг
ШилжихДээш