Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсантай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, Ө.Шижир, Ж.Золжаргал, М.Мандхай, С.Эрдэнэболд, Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв.
Хуулиар хийж буй гол шинэчлэл нь электрон тамхи, халаадаг тамхи, усан тамхи, наадаг тамхи зэрэг одоо хэрэглээнд нэвтрээд байгаа бүх төрлийн тамхийг тамхин бүтээгдэхүүнд хамааруулснаар уламжлалт тамхинд үйлчилж байгаа импортлох, худалдаалах, хэрэглэх, сурталчлах, хязгаарлах болон хориглохтой холбоотой бүх зохицуулалт шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнд нэгэн адил үйлчлэх боломж бүрдэж буй. Мөн хүүхэд, залуучуудыг тамхины хэрэглээнээс хамгаалах зорилгоор бүх төрлийн тамхинд амт, үнэр оруулагч нэмэлт химийн бодис нэмэхийг хориглох зохицуулалт тусгаад байна.
Шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн, тэдгээрийн эд анги, дагалдах хэрэгслийн гаалийн код, нэршил, ангилал, татварын хувь хэмжээг шинээр тодорхойлж, гаалийн албан татварын хэмжээг 30 хувь байхаар тогтоох, одоогийн үйлчилж байгаа “янжуур үйлдвэрлэх зориулалттай тамхи”, “нэгэн төрлийн болгосон тамхи, эсхүл сэлбэгдсэн тамхи”, “бусад” зэрэг нэр төрөлд ногдуулж буй 5-20 хувийн татварыг 30 хувь болгон нэмэгдүүлэх зэрэг өөрчлөлтийг тусгав.
Монгол Улсад тамхины шалтгаант нас баралт 1990 онд тавдугаарт бичигддэг байсан бол 2021 оны байдлаар эхний гурван гол хүчин зүйлийн нэг болж, цусны өндөр даралт, архины хэт хэрэглээний дараа эрэмбэлэгдэх болов. Өнөөдөр нийт нас баралтын 17 хувь буюу жилд 4,300 орчим хүн тамхины шалтгаанаар хорвоог орхиж байгаа ба тамхины хэрэглээнээс шалтгаалсан эдийн засгийн алдагдал жил бүр 801 тэрбум төгрөгт хүрч, ДНБ-ий 2.1 хувийг эзэлж байна. Монгол Улсад тамхидалт 2022 оны байдлаар 28.4 хувьд хүрч, Номхон далайн баруун бүс нутагт долоодугаарт бичигдэх болсон ба 13-17 насны хүүхэд, өсвөр үеийнхний янжуурын хэрэглээ тав хүрэхгүй жилийн хугацаанд уламжлалт янжуур тамхины хэрэглээ 20% болсон бол электрон тамхины хэрэглээ 24.8% буюу энэ насны бүлгийн дөрвөн хүүхэд тутмын нэг нь тамхинд донтох эмгэгтэй болсон нь маш өндөр үзүүлэлт юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2021 онд гаргасан “Электрон тамхи ба эрүүл мэнд” тайланд эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэх нь амьсгалын замын үрэвсэл үүсгэх, зүрх судасны системд сөргөөр нөлөөлөх, никотинд донтох эрсдэл өндөртэй болохыг онцолсон. Мөн энэхүү тайланд “Электрон тамхи нь тамхинаас гарах хэрэгсэл биш бөгөөд өсвөр үеийнхэн, залууст донтох шинэ зам болж байгааг анхаарах шаардлагатай” хэмээн дурдсан байна.
Гэвч манай улсад тамхины хэрэглээ өсөн нэмэгдсээр байгаа юм. 2024 оны байдлаар сигар, янжуур тамхины импорт 3.5 тэрбум ширхэг болж, 2014 онтой харьцуулахад 50 орчим хувь, 2020 онд 50 мянган ширхэг ч хүрэхгүй байсан электрон тамхины импорт таван жилийн дотор 8.2 сая ширхэг болж огцом өсжээ. Өөрөөр хэлбэл, монголчуудын бүх төрлийн тамхины хэрэглээ эрс өсөөд байна. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд шинэ тутам хэрэглээ нь өсөж байгаа электрон тамхи нь Тамхины хяналтын тухай үйлчлэлд хамаардаггүйгээс шалтгаалан тусгай зөвшөөрөлгүй, онцгой албан татваргүйгээр өдийг хүрснийг өнөөдрийн өргөн барьсан хуулийн төслөөр таслан зогсоох боломж бүрдэх юм.
Тамхины хэрэглээ тогтмол өсөж байгаа шалтгааны нэг гол хүчин зүйл нь Монгол Улсад тамхи, тамхин бүтээгдэхүүн маш хямд үнэтэй борлогдож байгаатай холбоотой гэж ДЭМБ анхааруулсаар ирсэн билээ. Тиймээс тамхины огцом хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй бодлогын нэг нь тамхинд ногдуулах татварыг нэмэгдүүлэх гэж ДЭМБ үздэг бөгөөд олон улс ч энэ туршлагыг амжилттай хэрэгжүүлж, нотлогдоод байна. Тодруулбал, тамхины үнийг 10%-аар нэмэхэд хэрэглээ хамгийн багадаа 4%, хөгжиж буй орнуудад 5%–7% буурдаг бөгөөд ялангуяа өсвөр насныхан тамхинаас илүү амархан татгалздаг байна.
Түүнчлэн тамхины жижиглэнгийн үнийн хамгийн багадаа 75%-ийг бүх төрлийн татвар (онцгой, гаалийн, НӨАТ г.м) бүрдүүлэх ёстой гэж зөвлөдөг бол Монгол Улсын хувьд уламжлалт тамхин бүтээгдэхүүний дундаж үнэ 3,850 төгрөг байгаагийн 40 орчим хувийг татвар эзэлж байгаа нь дэлхийн хамгийн хямд тамхитай улсын жагсаалтад бичигдэх нөхцөлийг бүрдүүлж байна.
<span;>
<span;>Иймд бүх төрлийн тамхины хэрэглээг бууруулах, ялангуяа өсвөр насны хүүхдүүд, залуучуудын дунд түгээмэл хэрэглэгдэж байгаа шинэ тутам, төрөл бүрийн электрон тамхийг утаат тамхитай ижил зохицуулалттай болгож, өсвөр үе, залуучуудаа хорт зуршлаас сэргийлж, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор УИХ-ын 76 гишүүн санаачлан, УИХ-ын гишүүн О.Номинчимэг ахлан боловсруулсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр өргөн барилаа.
<span;>
Мөн тамхины татвараас бий болсон орлогын тодорхой хувийг ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын үдийн хоолны шим тэжээлийг дээшлүүлэх арга хэмжээ, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг эрүүл, аюулгүй, идэвхтэй өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, тамхинаас урьдчилан сэргийлэх болон гаргах тусламж, үйлчилгээ зэрэгт зориулах замаар хүн амын өвчлөл, нас баралтыг бууруулах, иргэдэд шаардлагатай тусламжийг хүртээмжтэй хүргэх, эмнэлгийн зардлыг хэмнэх, нийгмийн эрүүл мэндийн бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхийг зорьсон.
Онцлох мэдээллүүд:
Тамхины хэрэглээнээс шалтгаалсан эдийн засгийн алдагдал жил бүр 801 тэрбум төгрөгт хүрч, ДНБ-ий 2.1 хувийг эзэлж байна. Хэрэв тамхины хэрэглээг бууруулж, нийгмийн эрүүл мэндийг сайжруулж чадвал шинэ эмнэлэг барих хэмжээний төсөв нөгөө талдаа хэмнэгдэнэ.
Электрон тамхийг янжуур тамхитай адилтган зохицуулдаг Аргентин, Австри, Хорват, Эстони, Финланд, Герман, Итали, Нидерланд, Шинэ Зеланд, Норвеги зэрэг 54 улс байна. Эдгээр улс орноос Бельги, Канад, Хорват, Чех, Дани, Эстони, Финланд, Франц, Герман Австрали, Швед, Швейцарь, Их Британи зэрэг 36 улс электрон тамхины бүрэлдэхүүн хэсэг буюу никотины агууламж, тодорхой амт зэргийг хязгаарлаж байна.
Монгол Улс 2024 оны байдлаар Хонгконг болон БНХАУ-аас электрон тамхийг импортолж байна. Гэвч БНХАУ электрон тамхийг хориглосон, зөвхөн экспортлоход зориулан чөлөөт бүсдээ үйлдвэрлэж байгаа хямд тамхийг оруулж ирж хэрэглэж байгаа нь анхаарах асуудал юм. Тамхины импортлогчид электрон тамхи татсанаар янжуурын хэрэглээ буурна гэсэн мэдээллийг байнга өгдөг. Гэвч Гаалийн ерөнхий газрын мэдээллийг харвал янжуур болон электрон тамхины аль алиных нь импорт огцом өссөн байгаа нь тамхи хэрэглэгчдийн тоо өсөж байгааг харуулж байна.
Манай улсад тамхи болон шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнийг дэлгүүр, худалдааны төвийн кассын дэргэд шилэн хоргонд ил байршуулан худалдаалж байгааг олон улсын жишигт нийцүүлэн өөрчилж “борлуулалтын цэг дэх ил байршуулалтыг хориглох – point-of-sale display ban” зохицуулалт энэ хуульд орсон байгаа. Өөрөөр хэлбэл, хуульд эдгээр бүтээгдэхүүнийг биетээр дэлгэн үзүүлэхийг хориглож, зөвхөн 21-ээс дээш насанд хүрсэн хүний хүсэлтээр нэр, үнийн мэдээллийг тусгасан жагсаалтаас сонгон худалдан авах зохицуулалттай болох юм. Ингэснээр өсвөр үе, залуучуудын анхаарлыг татах, тамхины хэрэглээг өдөөх эрсдэлийг бууруулах, зөвшөөрөлгүй этгээд тамхи худалдаалахыг зогсоох ач холбогдолтой гэж үзэж байгаа.
ХУУЛЬД ЗААСАН ШААРДЛАГА
ЭЛЕКТРОН ТАМХИ
Тусгай зөвшөөрөл
Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж электрон тамхийг импортлох эрхтэй болно.
Энгийн зөвшөөрөл
Тамхи худалдах зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгж электрон тамхийг худалдана.
Онцгой албан татвар
Бүх төрлийн тамхины шингэн болон бүх төрлийн тамхины татах төхөөрөмж, дагалдах хэрэгсэлд үе шаттай онцгой албан татвар ногдуулна.
Гаалийн албан татвар
Электрон тамхинд 30 хувийн гаалийн албан татвар ногдуулна.
Зөвшөөрөгдсөн цэгт татах
Тамхины хяналтын тухай хуульд заасны дагуу зөвхөн зөвшөөрөгдсөн цэгт татна.
Зурагт анхааруулга
Зурагт анхааруулга нь электрон тамхины хайрцаг, сав, баглаа боодлын нүүр болон ар талын талбайн хэсгийн гадаргуугийн талбайн 70-аас багагүй хувийг эзэлсэн байна.
Амт, үнэр
Гаанаас өөр төрлийн үнэр, амт оруулах бодис, бэлдмэл нэмэхийг хориглоно.
Савлах хэмжээ
Электрон тамхины шингэний хэмжээг 2 миллилитрээс, цэнэглэгч шингэнийг 10 миллилитрээс ихээр савлахыг хориглоно.
Зар сурталчилгаа, ивээн тэтгэх үйл ажиллагаа
Тамхины хяналтын тухай хуульд заасны дагуу зар сурталчилгаа, дэмжлэг үзүүлэх, ивээн тэтгэх үйл ажиллагааг хориглоно.