Монгол төрийн уурга урт, хуйв уужуу шүү

2025-10-08
1 минут уншина

Төрийн ажил гацчихлаа. Үндэсний аюулгүй байдлын хоёр гишүүн хагарал эхлүүлж, эцэс төгсгөлгүй хэрүүлийн алим шидэв. Иргэдээ хоёр тал болгож байгаад миний зөв, чиний буруу гээд баримт нэртэй баахан мэдэгдэл хийв. Хэрүүл нь дуусахгүй юм байна. Угаасаа та нарын хэрүүлийг ард олон шийдэхгүй, хууль шийднэ. Тиймээс тэр баримтуудаа аваад хуулийн өмнө очсон нь дээр. Түмэн олон чинь туйлдаж, ядарч, залхаж байна. Өвөл болж байна. Төсөв санхүү, нүүрс, агаарын бохирдол, автомашины түгжрээ, нийтийн унааны хомсдол гээд зөндөө ажил байхад энэ бүхнийг хаана нь орхиод яваа юм. Өөрсдийнх нь өчүүхэн нэр хүндийг хамгаалахын тулд нэг нь Засгийн газрыг “барьцаалж”,нөгөө УИХ-ыг “барьцаалах” эрх хэн та нарт өгсөн юм. Оосор нь тасардаггүй хэрүүлийн чинь “бай” олон түмэн биш шүү. Та нар чинь Монгол Улсаа гадаад, дотоодод төлөөлж явдаг төрийн томчууд биз дээ. Их хэрүүлийн чинь балгаар гадаад ертөнцөд ч бид муугаа харуулж, муухайгаараа дуудуулж эхэллээ. Дээгүүрээ ч хулгайтай, доогуураа ч хулгайтай. Өмнө Японы визний гаралт сайтай байдаг байсан бол энэ жилээс эхэлж муудсан. Учир нь өнөө л хулгайн асуудал. Эх орноо төлөөлж ирчихээд өмд гутал хулгайлаад шалгагдаж эхэлсэн иргэд энд олширсон. Монгол гэдэг нэрийн араас хулгайч гэдэг үг дагалдаад байна. Энэ нь одоо бодит амьдрал дээр бууж биднээс гадаад ертөнц бага багаар нүүр буруулж эхэлсэн. Бид дотроо л хэрэлдээд байна гэж бодож байна уу. Үгүй шүү дээ. Дэлхийг нэг цонхоор хардаг болсон. Ямар ч орны хүн хүссэн мэдээллээ орчуулаад уншчихна. Хэд хоногийн өмнө Японы шинэ Ерөнхий сайд болох магадлалтай эмэгтэйн тухай яриад эхлэнгүүт Хятадууд түүнийг янз бүрээр хэлж Ерөнхий сайд байх боломжгүй гэсэн мэдээллийг хүчтэй хаясан байна лээ. Учир нь, дэлхийд төмөр хатагтай гэж нэрлэгдээд байгаа энэ эмэгтэй гадаадынханд хатуу хандахаа илэрхийлсэн. Энэ нь үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд гаднынхан биш, япончуудад илүү боломж олгоно гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө юмыг өөрсдөө хамгаална, хөдөлмөрлө, хөдөлмөрлө гэсэн уриалгыг дэвшүүлээд байгаа юм.

Тэгэхээр ямар ч тохиолдолд хэн ч төрийн эрх ашгийг хоёрдугаарт эрэмбэлж болохгүй гэдгийг харуулж байна. Төрийн үйл хэрэг гэдэг чинь тасралтгүй явах ёстой. Энэ үүрэг хариуцлагыг та бүхэн хүлээж байгаа болохоор олныг эвдрүүлэлцэхгүй, дэлхийд шившгээ дэлгэхгүй, намын байрандаа асуудлаа шийдэж өгч тус болооч. Хэрвээ худал хэлж, хулгай хийсэн бол Монгол төрийн уурга урт, хуйв уужуу шүү.

Япон улс.

Осака хот.

Сэтгүүлч В. Сарантуяа

2025. 10. 07 өдөр.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Багш нарын үндсэн цалинг нэмэх боломжийг судалж, танилцуулахыг үүрэг болгов

Дараагийн хуудас

“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” олон улсын кино наадмаас хоёр цом хүртлээ

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Сэрэмжлүүлэг!!!

Цагдаагийн байгууллагаас дараах анхааруулгыг иргэд та бүхэндээ хүргэж байна. Танд хэн нэгэн найз, танил, эсхүл үл таних хүний цахим хаягаас энэ төрлийн линк ирвэл
ШилжихДээш