“Милан–Кортина”-2026 өвлийн Олимпын наадамд оролцох тамирчдын зорилго бол яахын аргагүй Олимпын алтан медаль. Олимпын медаль нь зөвхөн спортын амжилтын илэрхийлэл төдийгүй зохион байгуулагч хот бүрийн соёл, түүхийг шингээсэн онцгой бэлгэ тэмдэг болсоор ирсэн.
2026 оны Олимпын медалийг Итали Улсын зоос, үнэт цаасны үйлдвэр “Zecca dello Stato” дахин боловсруулсан металл, сэргээгдэх эрчим хүч ашиглан урласан нь Олимпын түүхэнд анхных болж байна. Медаль бүр хоёр хэсэгт хуваагдсан загвартай бөгөөд энэ нь наадмыг хамтран зохион байгуулж буй Милан болон Кортина д’Ампеццо хотуудын нэгдлийг бэлгэднэ.
Нэг талд нь Олимпын таван цагариг харин нөгөө талд нь спортын төрөл, тэмцээний байршил болон “Милан–Кортина”-2026 наадмын албан ёсны логог сийлжээ. Медалийн хоёр хэсэг нь нэг нь толигор, нөгөө нь барзгар гадаргуутай бөгөөд эвлүүлдэг тоглоом мэт таарч нийлэх хийцтэй.
Нийт 735 Олимпын медалиас 245 нь алт, 245 нь мөнгө, 245 нь хүрэл медаль. Паралимпын медаль 411 буюу 137 алт, 137 мөнгө, 137 хүрэл медалийг тамирчдад гардуулах юм.
Түүхий эдийн үнийн өсөлтөөс хамаарч энэ удаагийн Милан- Кортинагийн наадмын алт, мөнгөн медаль хамгийн үнэтэй медалиуд болжээ. Алтан медалийн үнэ $2,200 ам.доллар, харин мөнгөн медалийн үнэ $1,277 ам.доллартай дүйцэх юм байна.