2026-02-18
2 минут уншина
Их Эзэн Чингис хааны гал голомтыг сахин суугаа эрх чөлөөт монголчууд аа!
Өв соёлоо тээж, газар нутгаа гэрийнхээ бууриар тамгалж яваа малчин түмэн ахан дүүс ээ!
             “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчин өрх газар шороогоо арчлан тордож, өвс ногоо ургуулж тариад, бууруулсан хүлэмжийн хийг хэмжүүлж үнэлүүлээд, ашиг орлого олох нь хоосон мөрөөдөл биш батлагдсан гэрээ, хэлцэл болсон. Карбон кредит гэж нэрлэдэг агаарын бохирдол багасгасныг газар нутаг багатай, өндөр хөгжилтэй Сингапур, Швейцарьтай байгуулсан гэрээний дагуу үнэлүүлж, санхүүжилт олгох ажил морин жилд өрнөх болно.
Эрхэмлэж яваарай хэмээн захиж өвлүүлсэн, эх орончдын амиараа тулж босгосон тусгаар тогтнолоо эдийн засгийн тусгаар тогтнолоор дархлан бататгах нь өнөө үеийн Та бидний үүрэх ачаа, үр хойчдоо үлдээх эрхэм нандин үнэт зүйл билээ. Түүхий эд гаргадаг түүхийг өөрчилж, үнэ цэн, өртөг ашиг нэмж боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эдийн засаг, экспортын орлогоо илүү олон эх үүсвэртэй, олон морьтой болгохын төлөө морин жилд хэрэгжүүлэх бодлого, хийх ажил, шийдэх асуудал бидний өмнө байна
Ашигт малтмалын тухай хуулиа өөрчилж, аманд ч үгүй, хамарт ч үгүй үлддэг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ихэнх нь аймаг, суманд нь үлдээдэг болгоно. Нутаг орныхоо нөөц баялгийн өрмийг нь Та бүхэн өөрсдөө хэрхэн юунд зарцуулахаа бие даан шийднэ. Аймаг орон нутаг гэрэл цахилгаан, дэд бүтэц барих эсэхээ Нийслэлд ирж асуухгүй, төр хувийн хэвшлийн түншлэлээр биеэ дааж шийдэх эрх чөлөөгөө эдлэх болно.
Данхар төрийн хэт их оролцоог хумьж, төрийн хийх ёсгүй бизнесийг хуулиар хязгаарлаж, хувийн хэвшил, иргэндээ зах зээл, орон зайг нь чөлөөлнө. Төрийн зуршлаас хувийн хэвшил рүү шилжих нь эдийн засгийн эрх чөлөөний замд асаах ногоон гэрэл юм. Төр зах зээлд дүрэм сахиулагч болохоосоо өрсөлдөж сөргөлддөг ноёны бөх байх учиргүй.
Морин жилд Монголын За андгай буй заа хэмээх журмыг баримтлан санаж, Хөрөнгө оруулалтыг хуульчлан хамгаална. Хөрөнгө оруулалт бол монгол хүний хийх шинэ ажил, авах цалин, шинэ мэдлэг технологи. Хөрөнгө оруулалт бол улсад төлөх татвар орлого араасаа дагуулдаг булган сүүлтэй ажил хэрэг.
УИХ энэ хаврын чуулганаар ард иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ нурууг тэнийлгэж, ачааг хөнгөлөхийн үзэл баримтлалд үндэслэсэн татварын багц хуулийг хэлэлцэн батална. Татварын багц шинэчлэл бол татварын багц хөнгөлөлт юм. НӨАТ, хувь хүний орлогын албан татвар 2 их наяд, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 тэрбум төгрөг, нийтдээ 2,7 их наядаар хөнгөрнө. Жилийн 400 сая хүртэлх орлоготой жижиг бизнес эрхлэгч НӨАТ-аа хялбар тайлагнадаг болж цаасан шат дамжлагаас чөлөөлөгдөнө.
Үндсэн хуульд тангараг өргөсөн, ард түмний элч төлөөлөгчийн танхим УИХ хүний үндсэн эрх, хүүхдийн эрхийг хангахын төлөө хууль тогтоогчдын хувьд ч, ээж, аавуудын хувьд ч сэтгэлээ чилээн ажиллах болно.
УИХ-д өргөн барьсан хууль бүрийг хэн бүхэн гар утаснаасаа хиймэл оюун ухааны тусламжтайгаар хүний эрх зөрчсөн эсэхийг нээлттэй шинжилдэг болгосон зэрэг санал санаачилгаа илүү бататгаж, илүү ил тод нээлттэй, технологийн дэвшил, шинжлэх ухаанд тулгуурласан шинэчлэл өөрчлөл бүхэнд илүү эрчтэй өрнөл, илүү хурдтай үргэлжлэл байгаа.
Их Чингис хааны гал голомтыг сахисан, эрх чөлөөт омог бардам монгол ахан дүүс минь ээ!
Их түүхийн эзэн, эрх чөлөөт, омог бардам монгол хүн Танд ирж буй “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилдээ морьтой хийморьтой, заяа буянтай, эрүүл энх, эвтэй эетэй, үйлс бүхэн нь тэгш, юу санасан есөн хүсэл нь сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийг өргөе!
Эрх чөлөөний нар хэн бүхнийг алагчлалгүй ивээх болтугай!
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Жүжигчин А.Алтантөр “Алтан гадас” одон хүртлээ

Дараагийн хуудас

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төсөл батлагдсанаар, -Улсын хэмжээнд жил бүр эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил,

“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг гуравдугаар сарын 5-наас толилуулна

“Про” театр Оросын театрын холбоотой хамтран, ОХУ-ын шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг урьж, ОХУ-ын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл Андрей Ивановын “Это все
ШилжихДээш