Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2026-04-21
2 минут уншина

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв Азийн бүс нутаг дахь анхны Стратегийн түнш орон Казахстантай харилцаагаа улам бэхжүүлэхийн төлөө гэдгээ нотолж, халуун дотноор хүлээн авч байгаа Ерөнхийлөгч К.Токаев болон Казахстаны төр, засаг, ард түмэнд талархал илэрхийллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд чухал түлхэц үзүүлсэн, онцгой ач холбогдолтойг Ерөнхийлөгч К.Токаев онцлон тэмдэглэлээ.

Талууд өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилтаа дүгнэн, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан, бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.

Хоёр улсын Ерөнхийлөгчийн түвшинд харилцан тохиролцсон асуудлууд бодит ажил хэрэг болж байгааг төрийн тэргүүн нар тэмдэглэж, цаашид худалдаа, эдийн засгийн болон бусад бүх салбарт харилцан ашигтай хамтран ажиллах өргөн боломж байгаа  гэдэгт санал нэгдлээ.

Хоёр улс харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.

Худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтын хүрээнд Монголоос ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн, Казахстанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудай зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр тохиролцлоо.

“Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд хамтарсан Замын зураглал гаргахаар боллоо.

“Хүннү Эйр” компани Улаанбаатар-Алматы чиглэлд тогтмол нислэг үйлдэж байгаа бол ирэх 6 дугаар сараас Казахстаны “Скат” авиакомпани Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэгээ эхлэхээр боллоо.

Баян-Өлгий аймгийн иргэдийн олон жил хүсэж, хүлээж байсан Баян-Өлгий-Өскемен чиглэлийн шууд нислэгийг сэргээж, Баян-Өлгийд Казахстаны Консулын газар байгуулахаар тохиролцлоо.

Цаашид зам, тээврийн салбарт тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, тээвэр, логистикийн дөт маршрут бий болгох боломжийг судлах Ажлын хэсэг байгуулна.

Соёлын харилцаа нь хоёр орны иргэдийг холбосон чухал гүүр болохыг Ерөнхийлөгч нар онцолж, боловсрол, соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарт 2026-2027 онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө байгуулж буйг сайшаалаа.

Монголын оюутан залууст Казахстаны их, дээд сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэйг Ерөнхийлөгч К.Токаев онцоллоо.

Монгол Улсад зохион байгуулдаг “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль болон Казахстанд болдог “Нүүдэлчний соёлын наадам”-д төлөөлөгчдөө оролцуулж ирсэн уламжлалаа үргэлжлүүлнэ.

Мэдээллийн технологи, уул уурхай, эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

Айлчлалын хүрээнд зохион байгуулах бизнес форумд 200 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хамтран ажиллах хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл гэдэгт санал нэгдлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын ивээл дор Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтыг Астана хотноо зохион байгуулж буйг өндөр үнэлж, “Усны олон улсын байгууллага” байгуулах Казахстаны санал, санаачилгыг дэмжихээ илэрхийллээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Казахстаны Ерөнхийлөгчийн “Хоёр тэрбум мод” төсөлтэй уялдуулах, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ.

Талууд Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулдаг Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг тууштай дэмжинэ.

Олон улс, бүс нутгийн түвшинд дэвшүүлсэн санал, санаачилгуудаа харилцан дэмжиж, олон улсын байгууллагуудын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа нотоллоо.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Дээд шүүх “Ногоон автобусны” эздийг анхан шатны шүүх рүү буцаав

Дараагийн хуудас

“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

А.Амартүвшин: Тендер авчихаад жил бүр мөнгө нэхээд ажлаа хийдэггүй компаниудад хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын Нийгмийн салбар, агаарын бохирдол болон ногоон хөгжил хариуцсан орлогч А.Амартүвшингээс сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын
ШилжихДээш