Монгол Улсын Засгийн газрын 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрийн тогтоолоор олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоож, уг шийдвэрийг 2026 оны наймдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн яамнаас өнөөдөр /2026.07.22/ мэдээлэл өглөө.
СУУДЛЫН АВТОМАШИНЫ ТӨЛБӨР 5000, АЧААНЫ АВТОМАШИНЫХ 20000 ТӨГРӨГ БОЛНО
Шинэчилсэн тарифаар суудлын автомашины автозам ашигласны төлбөрийг 1000 төгрөгөөс 5000 төгрөг, ачааны автомашины төлбөрийг 10000-аас 20000 төгрөг болгон шинэчлэн тогтоосон байна. Ингэснээр тээврийн хэрэгслийн ангиллаас шалтгаалан төлбөрийн хэмжээ өмнөхөөс 2-5 дахин нэмэгдэж байна.
Энэхүү шинэчлэгдсэн тариф нь Улаанбаатар хотоос орон нутаг чиглэсэн болон аймаг хоорондын олон улс, улсын чанартай авто замуудад мөрдөгдөх бөгөөд Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн олон улсын авто зам, мөн аймгуудыг холбосон улсын чанартай хатуу хучилттай бүх авто зам хамрагдана.
Хэрэв та орон нутгийн замын постоор тогтмол зорчдог, тухайн байршилд үйл ажиллагаа эрхэлдэг бол урьдчилан төлбөрөө тооцож, гэрээ байгуулснаар 30 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой гэдгийг мэдээллээ.
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТОЗАМЫН СҮЛЖЭЭ ӨРГӨЖСӨН Ч ЗАСВАР АРЧЛАЛТЫН САНХҮҮЖИЛТ ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙНА ГЭВ
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 111,916.7 км авто зам байгаагаас олон улс болон улсын чанартай 7,956.8 км нь хатуу хучилттай зам байна. Өнөөдөр 21 аймаг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож, 100 гаруй сум болон хилийн таван боомт улсын авто замын сүлжээнд холбогдоод байна.
Мөн жил ирэх тусам авто замын сүлжээ болон автомашины тоо өсөн нэмэгдэж байгаа хэдий ч замын ашиглалт, засвар арчлалтад шаардагдах санхүүжилт бодит хэрэгцээнээс үлэмж дутмаг байгаа хэмээн салбарынхан онцоллоо.
Монгол Улсад мөрдөгдөж буй дүрэм журам, стандартын дагуу хатуу хучилттай авто замд 6 жил тутамд ээлжит засвар, 12-13 жил тутамд их засвар хийх шаардлагатай байдаг гэнэ. Гэвч төсвийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан эдгээр шаардлагатай засварын ажлыг хугацаанд нь хийж, замын чанарыг сайжруулах боломж хязгаарлагдсаар байна гэлээ.
Зам, тээврийн яам жил бүр авто замын засвар, арчлалтад шаардлагатай хөрөнгийн саналаа Сангийн яаманд хүргүүлдэг ч улсын чанартай 8000 орчим км хатуу хучилттай авто замын засвар, арчлалтад батлагдаж буй төсөв нь бодит хэрэгцээний ердөө 10-12 хувийг л хангаж байгаа юм байна.
Хөрөнгө оруулалт, шаардлагтай төсөв санхүүжилт хүрэлцэхгүй байгаагаас шалтгаалан замын ээлжит засварыг хугацаанд нь хийж чадахгүй, улмаар эвдрэл нь их засвар шаарддаг түвшинд хүрэх, засварын зардал улам нэмэгдэх, замын чанар муудах, зам тээврийн ослын эрсдэл өсөх нөхцөл бүрдэж байгааг албаныхан хэллээ.
Мөн автозамын барилгын материал, битум, шатахуун тосны үнэ жил ирэх тусам өсөж байгаагаас шалтгаалан авто замын засвар, арчлалтын компаниуд техникийн шинэчлэл хийх боломжгүй, ажилчдынхаа цалин хөлсийг цаг хугацаанд нь олгож чадахгүй, автозамын урсгал засваруудыг бүрэн гүйцэтгэхэд хүндрэлтэй болсныг АЗЗА нэгтгэлийн удирдлага танилцууллаа.
ТӨЛБӨРИЙН НЭМЭГДЛИЙГ ЗӨВХӨН ЗАМЫН ЗАСВАР АРЧЛАЛТАД ЗАРЦУУЛЖ, ОРЛОГО ТӨВЛӨРӨЛТИЙГ ИЛ ТОД БОЛГОНО
Иймээс улсын төсвийн ачааллыг бууруулж, автозамын засвар, арчлалтын тогтвортой санхүүжилтийг бүрдүүлэх зорилгоор авто зам ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоож, нэмэгдсэн орлогыг зөвхөн замын засвар, арчлалтад зориулан зарцуулахаар шийдвэрлэснийг дуулгав.
АВТО ЗАМЫН ТӨЛБӨРИЙГ УЛСЫН ХЭМЖЭЭНД БҮРЭН ЦАХИМААР АВНА
Энэ оноос эхлэн улсын хэмжээнд байрлах 33 төлбөр авах цэгийг бүрэн цахим системд шилжүүлж, авто зам ашигласны төлбөрийг автомат хэлбэрээр авч эхэлсэн.
Автозамын тухай хуульд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ашиглаж буй тээврийн хэрэгсэл, түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох журмын дагуу түргэн тусламж, гал түймэр унтраах, онцгой байдал, төрийн шуурхай ажиллагааны зориулалттай тээврийн хэрэгслүүд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөнө.
“ЦАГААН ЖАГСААЛТ”-Д БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙГ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн алслагдсан бүсэд амьдардаг иргэд буюу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо (Эмээлт), Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо (Өлзийт), Налайх дүүрэг болон Төв аймгийн Батсүмбэр сумын иргэд “E-Mongolia” системээр дамжуулан “Авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлт” гаргаж, “Цагаан жагсаалт”-д бүртгүүлснээр төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой юм байна.
Уг жагсаалтад бүртгүүлсэн тээврийн хэрэгсэл төлбөр авах цэгээр нэвтрэхэд систем автоматаар таньж, хаалт шууд нээгдэнэ.
Харин орон нутгийн замаар зорчсон тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр автозам ашигласны төлбөр цахимаар илгээгдэнэ. Энэхүү төлбөрийг тухайн ондоо багтаан өөрийн боломжид тохируулан хэсэгчлэн хуваан төлөх боломжтой. Хэрэв зам ашигласны төлбөр 20 болон түүнээс дээш удаа хуримтлагдсан тохиолдолд постын автомат хаалт нээгдэхгүй, төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд зорчих боломжтой гэдгийг анхаарууллаа.
2026 ОНЫ ЭХНИЙ 6 САРЫН БАЙДЛААР 13.7 ТЭРБУМ ОРЧИМ ТӨГРӨГ ТӨЛӨГДӨӨГҮЙ БАЙНА
Төлбөр авах цэгүүдийг 2022 оноос үе шаттай цахимжуулж эхэлсэн бөгөөд 2022 онд цахим 5 төлбөр авах цэгээр 1,6 тэрбум төгрөгийн нэхэмжлэл үүссэнээс 1,2 тэрбум төгрөг төлөглөж 400 орчим сая төгрөгийн нэхэмжлэх төлөгдөөгүй байна.
2024 онд 8 төлбөр авах цэг цахимжсанаар 17 тэрбум төгрөгийн нэхэмжлэл үүссэнээс 14 тэрбум төгрөг төлөгдөж 3 тэрбум төгрөгийн нэхэмжлэх төлөгдөөгүй байна.
2025 онд онд 12 төлбөр авах цэг цахимжсанаар 23.5 тэрбум төгрөгийн нэхэмжлэл үүссэнээс 15 тэрбум төгрөг төлөгдөж, 8 тэрбум төгрөгийн нэхэмжлэх төлөгдөөгүй байна.
2026 оны эхний 6 сарын байдлаар 22.7 тэрбум төгрөгийн нэхэмжлэл үүссэнээс 9 тэрбум төгрөг төлөгдөж 13.7 тэрбум орчим төгрөгийн нэхэмжлэх төлөгдөөгүй байна.
Өнөөдрийн байдлаар 420 гаруй мянган тээврийн хэрэгсэл дээр 20 орчим тэрбум төгрөгийн төлбөрийн нэхэмжлэл төлөгдөөгүй байна. Үүн дотор 500-1 сая хүртэлх төгрөгийн төлбөртэй 2183, 1 сая төгрөгөөс дээш төлбөртэй 637 иргэн, аж ахуй нэгж байна.
Иймээс иргэд урьдчилан төлбөрийн үлдэгдлээ шалгаж, боломжтой хэмжээгээрээ хэсэгчлэн төлж барагдуулахыг ЗТЯ-ны Автозамын Бодлогын хэрэгжилтийг хангах газар, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас зөвлөлөө.