Цагдаагийн байгууллагаас иргэн В.Ганзоригт холбогдуулан шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд түүнийг “Урьхан”-ы Б.Чинбат цагдаа, прокурорын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудтай нийлж хуулийн хонгилоор чирж буй талаар мэдээлэл цацагдаад буй. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Төгс-Ухаан ийн мэдээллээ.
Иргэн А нь 2026 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Булган айммгийн Бүрэгхангай сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг алтны шороон ордны А лицензийг нэр бүхий компаниас 5 сая ам.доллароор худалдан авахаар гэрээ байгуулан 2022 оны гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд хоёр удаагийн гүйлгээгээр нийт 14.7 тэрбум төгрөгийг залилуулсан тухай гомдол гаргажээ. Уг гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гомдол гаргасан А нь тус компанийн А лицензийг 5 сая ам.доллароор худалдан авч, 50 метрийн хөрс хуулалт хийж, үйл ажиллагааны зардалдаа нийт 41.9 тэрбум төгрөгийг зарцуулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон гэнэ. Гэтэл иргэн Г нь хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож тус компаниа өөрийн нэр дээр буцаан шилжүүлэн авсан нь нотлох баримтаар тогтоогджээ. Иймд иргэн Г-г бусдыг хууран мэхлэж, зохиомол байдлыг бий болгосон, их хэмжээний мөнгө залилсан үйлдэлд нь 2026 оны наймдугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 3.2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм байна. Шалгалтын явцад иргэн Г нь 2022 оны аравдугаар сараас 2025 он хүртэл Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт хууль бусаар их хэмжээний ашигт малтмал олборлож, улмаар байгаль орчинд 2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 24 дүгээр зүйлийн 2 дугаар хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нийт 74 техник хэрэгслийг хураан авсан. Мөн 2022-2025 онд иргэн Г нь өөрийн болон компанийнхаа дансаар их хэмжээний орлого авахдаа татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй үйлдэлд нь мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа гэх мэдээллийг өглөө.
Ингээд сэтгүүлчдийн зарим асуултад товч хариулт өгөв.
-Б.Чинбат гэж хүний шалгасан уу. Энэ В.Ганзориг гэдэг хүнийг цагдан хорихдоо нэг цагийн өмнө цагдан хорионы бичгийг явуулсан гэсэн. Тэр хүн орон нутгаас цагийн дотор ирэх боломжтой юу? Урьхан хочит Б.Чинбат 200кг алтыг хууль бусаар тушаасан гэх мэдээлэл байна. Үүнийг шалгасан уу?
-Б.Чинбат энэ хэргийн оролцогч биш. Хувьцаа эзэмшигчээр энэ хэрэгт явж байгаа. Гомдол гаргагч иргэн А-н олборлосон алтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоосон. В.Ганзоригийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хуульд заасан үндэслэл журмын дагуу прокурорт мөрдөгчийн саналыг хүргүүлж, улмаар үндэслэлтэй гэж үзэн шүүхэд хандаж, шүүхээр шийдвэрлэсэн. Хуулийн дагуу 48 цагийн дотор баривчилсан. Дараа нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. В.Ганзориг өөрөө өмгөөлөгчтэйгээ мэдүүлэг, тайлбар өгсөн. Хуулийн дагуу прокурорын дуудан ирүүлэх хуудсыг өгсөн. Оролцогчийн эрхийг хангасан.
-Хурандаа, цагдаа нар оролцсон гэж үнэн үү?
-Мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдаагийн байгууллагын хурандаа нар болон прокурорын байгууллагын ажилтанд ямар нэг оролцсон, нөлөөлсөн зүйл байхгүй. Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байгаа А лиценз нь угаасаа хуулийн дагуу зөвшөөрөлтэй алт олборлох лиценз байсан учраас үүнд цагдаа, прокуророос оролцох ямар нэг боломж байхгүй. Энд бид зөвхөн залилсан, талбай хэтрүүлж ухсан, татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдлүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.
-Б.Чинбатыг яагаад хэргийн оролцогч биш гэж харж байгаа вэ?
-Б.Чинбат нь хувьцаа эзэмшигч учраас энэ хэргийн оролцогч биш гэж харж байгаа.
ЦЕГ-аас өгсөн дээрх мэдээллээр бол, цахим орчинд цацагдсан цагдаа, прокурорын нэр бүхий хүмүүсийн нэгийг ч огт шалгаагүй, шалгахгүй гэдгээ батлав.