Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/370 дугаар тушаалаар дараах нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг сургуулийн орчинд худалдан борлуулахыг хориглосон. Тус жагсаалтыг ерөнхий боловсролын сургуулийн орчинд байрлах худалдаа, үйлчилгээний газруудад хүргэж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Боловсролын газарт, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээллээр хангаж ажиллахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд үүрэг болгосон байдаг. Харин энэ тушаалын хэрэгжилтийг ерөнхийд нь ЭМЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээний газраас хяналт тавьж ажиллахаар үүрэгжүүлсэн.
Гэвч өнөөдрийг хүртэл энэ тушаалын хэрэгжилт хангалтгүй байна. Тиймээс иргэд үүнд анхаарал хандуулж хяналт тавьж, шаардаж, ирээдүйгээ элдэв өвчлөлөөс сэргийлэх боломжтой бөгөөд хориглосон бүтээгдэхүүний жагсаалтыг та бүхэнд дахин сануулж байна.
Сургуулийн орчинд дараах хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглоно. Үүнд:
- Бүх төрлийн хийжүүлсэн ундаа
- Энергийн болон спортын ундаа
- Байгалийн бус гаралтай амт, өнгө, үнэр оруулагч агуулсан хуурай сироп, өтгөрүүлсэн болон найруулсан шүүс, ундаа
- Өндөг болон элсэн чихрээр хийсэн коктейль
- Нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан крем, кремтэй бүх төрлийн бүтээгдэхүүн, амттан (эклер, контик зэрэг крем оролцуулсан бүх төрлийн хавчуургатай боов, бялуу гэх мэт)
- Чипс, эрдэнэ шишийн хөөс/попкорн, давсалсан, бүрсэн самар
- Бүх төрлийн чанадаг болон дэвтээдэг бэлэн гоймон
- Шошгын мэдээлэлд үндэслэн, Энгийн нүүрс ус ихтэй (100 г-д 10 г ба түүнээс их чихрийн агууламжтай) хатаасан жимс, бүх төрлийн чихэр
- Шошгын мэдээлэлд үндэслэн, Бүтээгдэхүүний 100 г-д 450 мг натри буюу 1.1г-аас их давс агуулсан бүх төрлийн хүнс
- Шошгын мэдээлэлд үндэслэн, Бүтээгдэхүүний 100 г-д 4 г-аас их ханасан өөх тос, 100 г-д 0.1г-аас их транс тосны агууламжтай бүх төрлийн хүнс
- Мөхөөлдөс (ургамлын гаралтай альтернатив сүү, тос агуулсан, чихрийн агууламж 8-р заалтын дагуу)
Сургуулийн орчин гэж сургуулийн байр, дотуур байр, сургуульд эзэмшүүлсэн газар болон түүнээс эргэн тойронд 150 метр хүртэлх газрыг хэлнэ.