Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн уулзлаа

2025-09-02
1 минут уншина

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын төрийн тэргүүн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо уулзлаа.

Гурван улсын төрийн тэргүүний VI уулзалт 2022 онд Узбекистан Улсын Самарканд хотноо болсон бөгөөд VII уулзалт ийнхүү гурван жилийн дараа болж байна.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарт мэндчилгээ дэвшүүлж, энэ жил Дэлхийн II дайны гал зогсож, Аугаа Эх орны дайнд ялалт байгуулсны 80 жилийн ой, Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны түүхт 80 жилийн ой тохиож буй цаг үед уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн монголын тал гурван улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгдөг болохоо илэрхийлж, энэ хүрээнд “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, гурван улсын ард иргэдэд үр шимийг нь хүртээх, улмаар бүс нутгийн хөгжил, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, дэд бүтцийн бүтээн байгуулалтад зохих хувь нэмрээ оруулахын төлөө байгааг илэрхийлэв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлэхдээ, сүүлийн жилүүдэд гурван талын хамтын ажиллагаа чухал ололт амжилттай байгааг тэмдэглээд, тухайлбал, Төмөр замын төв коридорын шинэчлэл, гурван талын худалдаа, байгаль орчин хамгаалал, гааль, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж байгааг тэмдэглэлээ.

Цаашид улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжиж, одоогийн хамтын ажиллагааг улам ахиулахыг санал болгов. Түүнчлэн Хятад улс “Инновацын төв” байгуулахаар төлөвлөж буйгаа танилцуулж, монгол болон оросын талууд идэвхтэй оролцохыг хүсэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин гурван улсын интеграцийг нэмэгдүүлж, гурван талт хамтын ажиаллагааг Евразийн эдийн засгийн хоолбоо, “Бүс ба Зам”, “Талын зам”-ыг уялдуулах хүрээнд тээвэр, логистик, гааль, худалдааг нэмэгдүүлэх, хүнд суртлыг арилгахыг санал болголоо.

Гурван улсын бизнес эрхлэгчдийн ажил хэрэгч уулзалт, үзэсгэлэн худалдаа зэргийг тогтмол зохион байгуулж, хүмүүнлэг, хилийн ус, аялал жуулчлалын дэд бүтэц, байгаль орчин зэрэг салбарт гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэхийг онцлов.

Уулзалтын үеэр талууд Монгол, Хятад, Оросын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг дахин таван жилээр буюу 2031 он хүртэл сунгаж, мөн ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэхээр эцэслэн тохиролцов.

Түүнчлэн гурван улсын худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тодорхой асуудлаар санал солилцлоо.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

Нийтийн эрхэнд халдаж буй компаниудын ажлыг зогсоохыг шаардаж байна

Дараагийн хуудас

Афганистанд болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо нэмэгдэж байна

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

А.Амартүвшин: Тендер авчихаад жил бүр мөнгө нэхээд ажлаа хийдэггүй компаниудад хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын Нийгмийн салбар, агаарын бохирдол болон ногоон хөгжил хариуцсан орлогч А.Амартүвшингээс сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын
ШилжихДээш