Ираны түүхэн баримтуудаас…

2026-03-02
4 минут уншина

Иран бол хүн төрөлхтний соёл, амьдралын хэв маяг, төрт ёсны томоохон шинэчлэлүүдийг хийсэн, яах аргагүй эртний язгууртай ард түмэн билээ.

Дэлхийн түүхэнд хамгийн анхны “Хүний эрхийн тунхаг” маягийн хааны бичгийг тэд гаргаж шашин шүтэх эрх чөлөө, боолчлолыг халах тухай тусгасан гээд бодохгүй юу. Тэгсэн хэрнээ өнөөдөр Хүний эрхийг хамгийн ихээр дарангуйлагч болчихсон ч байх шиг. За ингээд энэ адармаатай улс үндэстний тухай хэдхэн сонин хачин баримт энд орууллаа.

Иранчууд 2400 жилийн өмнө 50-60 хэмийн халуунд элсэн дор мөс хадгалах технологи бүхий жижигхэн дөрөлжин байгууламж байгуулсан нь өнөөгийн бидний гэрт байдаг хөргөгчний технологийн үндэс болсон юм.

Тэгээд хаан, хатад нь тэрхүү хөргөгчиндөө хадгалсан мөсөн амттанаа гаргаж ирээд шатам халуун цөлд амтархан долоодог байсан байгаа юм. Одоо бидний хүүхэд хөгшидгүй дуртай иддэг зайрмаг ингэж л анх Иран тогооч, зохион бүтээгчдийн хамтын бүтээлээс эхлэлтэй гэж хэлж болно.

Европынхон Авиценна гэж нэрийг бараг шүтэн биширнэ дээ. Тэр бол “Анагаах ухааны хууль” хэмээх сурах бичгээ 1025 оны орчим бичсэн суут эрдэмтэн юм. Түүний анагаахын сурах бичиг өнөөгийн дэлхийн анагаах ухааны суурь хууль гэгддэг. Тухайлбал тэр үед Иранчууд анагаах ухааны салбарт халдварт өвчний тархалтын зүй тогтол, хорио цээрийн зарчмыг анх тодорхойлсон нь сая Ковидын үед ч дэлхий нийтээр мөрдөх үндсэн зарчимтай нийцсэн байдаг. (Миний бие 2020-2022 онуудад Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, НҮБ-ийн Хүүхдийн сан гэх мэт байгууллагын захиалгаар Ковидыг мэдээлэл харилцааны чиглэлээр судалж уншиж байхад энэ тухай мэдээлэл бас гадны эх сурвалжуудаас таарч байсан.)

Иранчууд хоосон цөлийг математик, физикийн ухаанаар диваажин болгож чаддаг хүмүүс. Усалгааны нарийн систем бүхий хамгийн анхны цэгцтэй төлөвлөлт бүхий цэцэрлэгүүдийг (Persian Gardens) чухам тэд л байгуулсан бөгөөд тэр нь Европын ландшафт архитектурт гүнзгий нөлөөлөн үлджээ .

Би багадаа “1001 шөнийн үлгэр” гээд нэг их зузаан номыг аав ээжээсээ нуугаад дэрэн дороо хадгалаад орондоо уншдаг байв. Хүн төрөлхтний сод бүтээлд тооцогддог энэхүү алдарт зохиолын хамгийн эртний цөм нь “Hezar Afsan” (Мянган үлгэр) хэмээх Перс ном юм. Гол дүр болох Шахрияр хаан болон ухаант Шахрезада хатны нэрс Перс нэрс бөгөөд үйл явдал нь ч эртний Ираны соёлтой гүн холбоотой.

За тэгээд Перс хивс бол улс үндэснийхээ түүхийг он жилээр өгүүлдэг урлагийн бүтээл. Тэд хивсэндээ өөрсдийн философи, математик нарийвчлал, байгалийн будагч бодис болох анар, сарнайн дэлбээ гэх мэтийг ашигладаг. Олон мянган жилийн турш Перс хивс нь тансаг хэрэглээ, гоо зүйн оргил байсаар ирсэн.

Бас нэг гайхалтай зүйл өгүүлэхэд одоогоос 3000 жилийн өмнө Иранчууд халуун цөлд ус ууршихаас сэргийлж, усыг уулын бэлээс хот руу хэдэн арван километр газар доогуур урсгах аргыг олжээ.

Уулын гүн рүү босоо цооног ухаж, тэндээсээ хот руу чиглэсэн маш бага налуутай газар доорх хонгил гаргадаг. Энэ систем нь ямар ч цахилгаан, насос ашигладаггүй. Зөвхөн физикийн хууль болон математик тооцоолол дээр суурилдаг. Газар доогуур явдаг тул ус нь цөлийн халуунд ууршдаггүй, маш цэвэрхэн хэвээрээ очдог. Өнөөдөр ч Иранд зарим ийм системүүд бараг 2500 жилийн дараа ч гэсэн ажиллаж, хүмүүсийг усаар хангасаар байгаа, бас л мундаг ард түмэн шүү. Ийм системийг Киргиз, Узбект харж байсан, хамгийн хямд төсөр хэрнээ үр дүнтэй систем юм билээ.

За одоо бүр сонирхолтой зүйлийн тухай бичье. Шатар бол яг сонгодог утгаараа Иранд хэлбэрээ олжээ. Шатрын хэллэгүүд Перс үгсээс гаралтай. Манайд Шаг гэж нутагшсан шалааны хэллэг маань Shah буюу “Хаан” гэсэн үг. Мад гэдэг маань Mat буюу “Хүчгүй”, “Үхсэн” гэсэн үг ажээ. Тэгэхээр “Шаг мад” гэвэл Шах Мат буюу “Хаан хүчгүй болж ялагдлаа” гэсэн Перс утга гарч ирдэг юм байна.

Эцэст нь хэлэхэд, Монголын маань боловсрол мэдлэгтэй залуус Омар Хайям хэмээх нэрийг андахгүй. Гэхдээ ихэнх нь түүнийг яруу суут яруу найрагч гэж бодож байгаа байх. Харин тэрээр цаг үеэсээ хэдэн зуун жилээр түрүүлж сэтгэсэн агуу математикч, одон орон судлаач, орчин үеийн календарийг үндэслэгч агуу хүн.

Тэртээ ээ ээ…. 1079 онд түүний тооцоолсон жилийн тоолол Григорийн тооллоос ч алдаагүй байсан. Жилийн уртыг 365.24219858156 хоног гэж тооцоолсон нь одоогийн маш нарийн багажаар хэмжсэнээс ердөө секундийн л зөрүүтэй байдаг юм байна.

Омар Хаям бол Алгебрийн эцэг гэгддэгийн учир нь тэрээр куб тэгшитгэлийг геометрийн аргаар (конус огтлол ашиглан) шийдэх ерөнхий аргыг анх боловсруулсан учраас өнөөдрийн дээд математик ийм түвшинд хүрсэн юм гэнэ.

Хэдийгээр өнөөгийн “X” тэмдэглэгээ Европт хожим тогтсон ч үл мэдэгдэх хувьсагчийг системтэй ашиглах арга зүйг Омар Хайям математикт анх оруулж ирсэн. Бас”Паскалийн гурвалжин” гэж мөнхөрсөн томъёог яг үнэндээ Омар Хайям нь Блез Паскалиас 600 жилийн өмнө зүй тогтлыг аль хэдийн тайлбарлачихсан байжээ.

Бас Эвклидийн “Параллель шулууны тухай” 5-р аксиомыг шүүмжилж, Евклидийн бус геометрийн эхлэлийг тавьсан. Түүний судалж байсан “Хайям-Саккерийн дөрвөн өнцөгт” хэмээх онол нь орчин үеийн физик, сансар судлалын гол үндэс болсон геометрийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Омар Хайямын бүтээлүүд Араб хэлээр бичигдэж, Исламын алтан үеийн номын санд хадгалагдаж байгаад Загалмайтны аян дайн болон Испани дахь соёлын солилцоогоор дамжин Европт хүрчээ.

Тэгээд л Европчууд “Алгебр” (Al-Jabr) гэдэг үгийг Перс эрдэмтдээс зээлж, Хайямын аргуудыг ашиглан Сэргэн мандалтын үеийн шинжлэх ухаанаа босгосон түүхтэй. Энэ мэтээр спиртийг нээж, астрономийн шинжлэх ухааны суурийг тавьсан нь Иранчууд юм.

Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд үлдээсэн Ираны хэдхэн сод ул мөр, ганцхан эрдэмтний тухай өгүүлэхэд ийм байна. За тэгээд Перс болоод манай Монгол хаадын түншлэл маш нягт байсан түүх бий бөгөөд үүнийг нэг завдаж бичнэ дээ.

Ц.Чимэдддондог
2026.03.02.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Өнөөдөр Өндөр гэгээний “давхар дүйчин” өдөр тохиож байна

Сүүлд нэмэгдсэн Newstime

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Баярлалаа ээжээ” тоглолтод урьж байна

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Баярлалаа ээжээ” тоглолт ердөө ганцхан удаа тоглогдохоор товоо зарлалаа.Сэтгэл догдлуулсан баярын тоглолтод таныг ээж, эхнэр, хайртай бүсгүйтэйгээ хамтдаа ирж

Маргаашнаас музейн нээлттэй 7 хоног болно

Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2018 оноос эхлэн Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд

Цагдаа иргэний биед халдсан хэргийг шалгаж байна

Цагдаагийн алба хаагч иргэнийг зодож байгаа бичлэг цахим орчинд цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодрууллаа. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс “Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын I
ШилжихДээш