Туул гол тасарсан нөхцөл байдлын талаар Усны газрын дарга З.Батбаяр цахим хуудаснаа мэдээлжээ. Тэрээр “Хаврын гачиг урсацын үед эхлэхэд Туул гол маань шургах тасрах эрсдэл өндөр байдаг. Тэгвэл өнөөдөр “Наадамчдын гүүр”-ний орчмоос Туул-Дунд голын бэлчир хүртэл, Морин давааны хойд хадан хошуунаас төв цэвэрлэх байгууламжийн хаягдал ус орж ирэхэд хүртэл 2 ч газарт тасарсан шургасан байдалтай байна.
Ийнхүү тасрах болсон шалтгаан нь Туул гол ёроолдоо хүртэл хөлдсөн үеэс эхлэн гэсэж хайлах хүртэл 5 сарын хугацаанд хоногт 300000 м³ усыг газрын гүнээс авч Улаанбаатар хотын усан хангамжид ашиглаж байсны улмаас хөрсний усны түвшин унаж одоо ус хайлах үед нөхөн сэргэж буй процессын үр дүн юм. Мөн Улаанбаатар хот орчимд хаврын гачиг урсацын үеийн тэжээл болдог байсан шар усны үер огт болдоггүй болсон нь бас нөлөөлж байна. 2012 онд 45 хоногийн хугацаатай тасалдаж байснаас хойш урт хугацаагаар тасалдахгүй байсан
Туул гол маань ийнхүү харамсалтай байдлаар тасарч шургасан байдалтай байна. Өнөөдрөөс эхлэн Туул голын сав газрын захиргаа Tuul River Basin Authority -аас өдөр бүр Туул голын урсацад мониторинг хийж ажиллах ба мэдээллийг тухай бүр хүргэх болно.
Туул голын урсац тасалдсан энэ үед ус ашиглалтыг хязгаарлах багасгах арга хэмжээ авах шаардлага үүсэж магадгүй юм.
Туул гол болон бусад бүх голууддаа дээд зэргээр анхаарал хандуулж хамгаалалтын арга хэмжээ авах, хөрөнгө мөнгө зарцуулах зайлшгүй шаардлага бий болоод байна…” гэжээ.