Сүүлийн жилүүдэд явган хүний зам дээр өндөр хурдтай скүүтэр унаж, хүүхэд, ахмад настан, жирэмсэн эмэгтэй, энгийн иргэдийг гэмтээж, амь насанд нь хүрэх нь ихэссэн. Зөвхөн 2025 оны эхний хагас гэхэд л 18 хүүхэд нас барсан байна. Гэмтэл бэртлийн хувьд 2024 онд 532 байсан бол 2025 онд 3 дахин нэмэгдэж 1561 хүн гэмтэж бэртсэн байна.
Явган хүний зам дээр хүүхэд явдаг, хөгшин хүн, зүрх судасны өвчтэй хүн, ээж хүүхдээ тэврээд, хөтлөөд, тэрэгтэй нь түрээд алхдаг, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс явдаг. Зөвхөн анхаарал халамж хэрэгтэй хүмүүс гэлтгүй энгийн хүмүүс ч хувийн орон зайгаа мэдрэх, тайтгарах таатай бүс нь явган хүний зам байдаг буюу явган хүний зам бол зөвхөн явган хүнд зориулагдсан орон зай юм.
Гэтэл нийслэлийн удирдлагууд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Х.НЯМБААТАР, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал яг эсрэгээр нь “ЯВГАН ХҮНИЙ ЗАМ”-ыг “ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЗАМ” болгочихлоо. Та нэр нийгмийн суурь философи, зарчимаа мэддэггүй юм уу? Эсвэл санаатайгаар Монгол иргэдийн эсрэг ийм зүйл хийгээд байгаа юм уу?
Скүүтэр бол дугуй биш. Маш хүнд жинтэй, маш хурдтай, хүнийг мөргөвөл маш хүнд бэртэл авдаг өндөр хурдтай тээврийн хэрэгсэл. Скүүтэрт хэрэгцээ байж болно. Гэхдээ тэр хэрэгцээ өөрийн орон зайтай байх ёстой. Тусгай зам, зөв зохицуулалт, хяналт хэрэгтэй. Харин өнөөгийн байдал бол “ХҮНЛЭГ БУС, ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ”. Энэ өндөр хурдтай тээврийн хэрэгслийг хэрхэн ашиглах боломжоо гаргаж ирээгүй байж, олон тоогоор нь оруулж ирээд халаасаа түнтийлгэж, ашиг хийдэг, Монголын иргэдийг хэдэн мянгаар нь бэртээж, амь насанд хүрчхээд “ХЭРЭГЦЭЭ БАЙНА ШДЭЭ” гэж хэлэх нь энэ Монгол улсын бодлого уу? Хэдхэн хүний хувиа хичээсэн ёс зүйгүй, хомхой шунал уу? Эсвэл бүр гадны явуулга уу? Франц, Герман, Испани, Итали, Их британи, Сингапур, Япон зэрэг улсуудад зөвхөн дугуйн зам, авто замаар явдаг. Манайд “Явган хүний замаар зорчуулахыг бүр мөсөн хориглох” шийдвэр гарсан ч хэрэгжихгүй байна. Угаасаа дугуйн зам нь ч байхгүй. Авто зам нь асуудалтай. Тиймээс зориулалтын замаа шийдтэлээ бүр мөсөн хориглох нь зөв.
“Хэрэгцээ” гэдэг дээр философийн “ёс зүй”-н дэлгэрүүлэн тайлбарлая.
John Stuart Mill -н Harm Principle -н онолоор бол “Чиний эрх бусдад хохирол учруулахгүй хүрээнд л хүчинтэй” буюу “Чамд хэрэгтэй” чинь зөв байж болно, гэхдээ хүнийг гэмтээж, насанд туршид нь тахир дутуу болгож, амь насанд нь хүрч байна. Өөрөөр хэлбэл “хэрэгцээ” чинь бусдад бодит хохирол учруулж байвал “эрх биш”, “зөрчил” болно.
Jeremy Bentham-н Utilitarianism-н “Хамгийн олон хүнд хамгийн их сайн” зарчмаар бол скүүтэр унаж буй “цөөн хүн” ашиг хүртэж байгаа. Гэтэл “олон хүн” гэмтэж, амь насаа алдаж, тайван байх эрхээ зөрчүүлж байна. Энэ нь нийт ашгаас нийт хохирол нь их болж байгааг нотолж байна. Тиймээс “нийгмийн ашиг” талаасаа буруу.
John Rawls-н Justice as Fairness -н “Хамгийн эмзэг хүмүүсийг хамгаалах ёстой” гэсэн зарчмаар бол явган хүний зам дээр хүүхэд, жирэмсэн, өндөр настан, зүрх судасны өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс буюу анхаарал халамж хэрэгтэй хүмүүс зорчдог. Харин “өндөр хурдтай тээврийн хэрэгсэл” нь эдгээр хүмүүст маш ихээр хохирол учруулж байгааг гэмтлийн эмнэлэгт хэдэн зуугаараа гэмтэн очиж байгаа баримт харуулаад байна.
Логикийн хувьд бол явган хүн л явах зориулалттай зам дээр өндөр хурдтай тээврийн хэрэгслээр зорчих нь аль ч өнцгөөс харсан ЁС ЗҮЙН АЛДАА !!!
Скүүтэр унагчдын нийтлэг зөвтгөл нь “Надад хэрэгтэй буюу хэрэгцээ байгаад л унаж байнашдээ” гэдэг. Энэ нь дараах ёс зүйн ноцтой алдаануудыг гаргаж байгаа юм. Үүнд :
– “Moral egoism” буюу “зөвхөн өөрийн эрх ашиг”-ийг харж байна.
– “Externality blindness” буюу “бусдад учруулж буй хор хохирлыг үл тоомсорлох” байдал
– “Normalization of deviance” буюу “буруу зүйл хэвийн мэт санагдах” байдал.
“ХЭН НЭГНИЙ ХУРДАН ЯВАХ ХЭРЭГЦЭЭ” бусдын амьдралыг “НАСАН ТУРШИЙН ТАХИР ДУТУУ БАЙДАЛ, ЭСВЭЛ БҮР ҮХЭЛ”-д хүргэж байвал энэ нь “ЭРХ БИШ ГЭМТ ХЭРЭГ” юм.
Хүн өөрийн эрх чөлөөг бусдад хохирол учруулахгүй хүрээнд л эдлэх ёстой!!!
Байдал энэ хэвээрээ үргэлжилбэл цаашид хэдхэн хүний “хурдан явах хэрэгцээ”-г хангахын тулд хэдэн мянган хүн өөрийн эрүүл мэндээрээ хохирч, насан туршийн тахир дутуу болж, хэдэн хүн амиараа төлөх ёстой вэ?
“Боловсролд суурилсан хөгжил” НҮТББ-ын тэргүүн Т.Очирдарь