1. Хурдны замаар зорчих машин техникийн шатахуун, тос, хүнд металл, бохирдол, халтиргаанаас хамгаалж цацсан давс Туулын усанд орно. Гадаргуудын усаар дамжаад гүний усанд нэвчинэ.Бид түүнийг нь ууна. Газрын гадаргуугийн ус, гүний усаа сэлбэж байдаг. Буцаад гүний ус нь гадаргын усаа тэтгэж байдаг. Харилцан шүтэлцээтэй.
2. Хурдны зам барихын тулд 2600 тулгуур баганыг Туулын хэвлийд зооно. Газар хөдлөлтийн идэвхитэй бүс, голын ай сав учир хөлдөлтийн гүн ихтэй газарт дор хаяж 30 м-ийн гүнд ухаж суулгана. Төмөр тулгуурыг нэвчилтээс хамгаалж бетон цутгана. Гүний усаа тэжээж тэтгэдэг сувгууд хаагдна. Хялгасан судсуудын цус зүрхэнд очихгүй болсонтой адил.
3. Энэхүү 32 км урт замын 10 орчим км нь Туул голын татам дээгүүр тавигдна. 7 давхар байшинтай тэнцэх хэмжээний өндөртэй, 6 эгнээ бетон зам сүүдэрлэж, байнгын харанхуй битүүмжлэгдсэн орчинд ургамал ногоо, амьд организм устана. Байшингийн хөндийд бий болдог үхмэл орчин бий болно гэсэн үг.
4. Зам барьж дуусаагүй байхад л Туул гол бараг амь тавина даа. Зам барих бэлтгэл ажил. Эргийн бургасуудыг огтолж, индүүдэж байж техникийн зам барина. Дараа нь үндсэн замын суурь бэлтгэх, 2600 баганын нүх ухах, бетон зуурмаг зөөх … Хүнд даацын теникийн хөлд Туулын ай сав бүрмөсөн талхалагдаж, эргэж хэзээ ч сэргэхгүй болно.
5. Туул голын ай савд үүссэн манан, чийгшил нь Богдхан уулын ой модыг тэтгэж байдаг. Туул гол уствал Сибирийн хушин ойн хамгийн захын цэг болох Богдхан уулын экосистемд сөргөөр нөлөөлнө
6. Түгжрэлийг бууруулах нэрийн дор зүтгүүлж байгаа ч энэ зам Улаанбаатар хотын түгжрэлд онцын нөлөө үзүүлэхгүй гэдгийг хот төлөвлөлтийн инженерүүд хэлж байгааг ч анхаарах хэрэгтэй.
7. 2,3 их наяд төслийн Гүйцэтгэгч БНХАУ-ын компани нь жилийн өмнө байгуулагдсан туршлагагүй, сураггүй компани. Бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, Хотын орлогчийн эхнэрийн компани тендэрээс нь 20 тэрбумыг авсан…. Гээд авлигал хээл хахууль, ашиг сонирхолын зөрчилтэй асар олон мэдээлэл явж байна.
8. Улаанбаатар хот 2030 он гэхэд ундны усны хомсдолд орох судалгаа хэдийн гарчихсан байгаа. Хэрвээ Улаанбаатар хот усгүй болвол энд хүн амьдрах ямар ч үндэсгүй . Насаараа хурааж хуримтлуулснаараа авсан байр, үе дамжуулан өвлүүлж үлдээх хөрөнгө чинь үнэгүйдэж, зүгээр л хаягдал балгас болно гэдгийг сана.
9. “Гурван голын эхэнд бусдыг бүү нутаглуул” гэсэн их хааны захиас бий. Бурхан халдун уул, Хэнтий нуруунаас эх авсан Онон, Хэрлэн, Туул гурван мөрнийг хэлсэн нь энэ. Бусдыг нутаглуулах байтугай. Өөрсдөө мөнгийг нь төлж байгаад сүйтгүүлэх ажлыг ард иргэдийнхаа ундны усыг чандлан хамгаалж байх үүрэгтэй төр нь захиалж хийлгэхээр болсон нь эрүүл ухаанд багтамгүй .
Эцэст нь ирээдүйд үр хүүхдэдээ ундны усаа үлдээх гэж энэ замыг өөр маршрутаар тавихыг шаардаж буй иргэдээ “эсэргүүцэгчид, гацаагчид” хэмээн элдвээр хэлж байна. Байгаль хамгаалах нь иргэний журамт үүрэг гэж Үндсэн хуулиараа баталгаажуулж өгсөн. Миний хувьд уг үүргээ ягштал биелүүлж байгаа хариуцлагатай иргэд тэд.
Туулын уснаас ганцхан бидний үр хүүхэд ундаалахгүй ээ. Мөнгөний төлөө улайрагчдын үр хүүхэд ч адилхан ундаална. Бусдаас мөнгө авахгүй л бол ундны усаа хамгаалж ч чадахгүй болтлоо арай ч Монголчууд оюун санааны доройтол, ухамсрын тартагт тулаагүй байна. Ус нутгаа хамгаална гэдэг бол Монгол хүнд заяасан дээд тэнгэрийн хишиг, удамд нь генээр нь дамжиж ирсэн сүнсний өгөгдөл юм шүү.
Хурдны зам хэдийг ч барьж болно. Гагцхүү Туул гол дээгүүрээ л биш шүү.
Сэтгүүлч Б.Отгон 2026.04.27