Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Итури мужид (нийслэл Киншаса хотоос 1000 гаруй км зайд) 2026 оны тавдугаар сарын 21-ний байдлаар эбола вирусийн өвчний 746 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 176 хүн нас баржээ.
Анхны тохиолдлууд энэ оны тавдугаар сарын эхээр бүртгэгдсэн байна.
Уганда улсад бүртгэгдсэн анхны тохиолдлууд нь Конго улсаас хил давж орж ирсэн хоёр иргэн байсан бөгөөд үүний дараа нийтийн тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон. Мөн дараагийн батлагдсан тохиолдлуудад Уганда улсын жолооч, эрүүл мэндийн ажилтан болон Конго улсын нэг иргэн багтжээ.
Өнгөрсөн мягмар гарагийн байдлаар Уганда улсад эбола вирусийн 2 шинэ тохиолдол нэмэгдсэний дараа нийт халдварын тоо 7 болж өсчээ. Эдгээр тохиолдлууд нь хөрш Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад гарсан дэгдэлттэй холбоотой гэж үзэж байгаа бөгөөд хариу арга хэмжээг чангатгаад байна.
ЭБОЛАВИРУСИЙН ШИНЖ ТЭМДЭГ
Нууц үе: 2–21 хоног
Эхний үед:
Гэнэт халуурах
Ядарч сульдах
Толгой өвдөх
Булчин өвдөх
Хоолой өвдөх
Дараагийн үед:
Бөөлжих
Суулгах
Хэвлийгээр өвдөх
Арьсан дээр тууралт гарах
Хожуу үед:
Дотоод болон гадуур цус алдах
Цустай бөөлжих, суулгах
Хамар, буйлнаас цус гарах
Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагатай.
ЭБОЛА ӨВЧНИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ НЬ АМЬ НАС АВРАХ ЧУХАЛ АЛХАМ
Эбола өвчний эхний шинж тэмдэг нь хумхаа, хижиг, цусан суулга, менингит зэрэг бусад халдварт өвчинтэй төстэй байж болдог тул лабораторийн нарийн оношилгоо шаардлагатай байдаг.
Онош батлах үндсэн аргууд:
• RT-PCR шинжилгээ
• ELISA эсрэг бие тодорхойлох сорил
• Антиген илрүүлэх шинжилгээ
• Вирус өсгөвөрлөх арга
ЭБОЛА ВИРУСИЙН ЭСРЭГ БАТЛАГДСАН ВАКЦИНУУД
Эбола вирусийн өвчний эсрэг дараах вакцинуудыг албан ёсоор баталж, халдварын эрсдэлээс хамгаалахад ашиглаж байна. Үүнд:
-ERVEBO
-ZABDENO
-MVABEA
Харин Судан болон Бундибугио вирусийн эсрэг вакцинууд одоогоор туршилтын шатандаа үргэлжилж байна.
Иймд халдварын голомт бүхий бүс нутагт зорчихгүй байх, олон улсын аялагчид халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихыг анхааруулж байна.