Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн, Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нийт 32 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор үдээс хойно санал хураалт явууллаа. Зарчмын зөрүүтэй санал бүрээр нэг бүрчлэн санал хураалт явуулж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд нарын 13 гишүүнээс санаачлан өргөн мэдүүлсэн Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт боловсруулсан хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн талаар Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт мэдээлж, харьяаллын дагуу Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлснийг танилцуулсан юм. Хуулийн төслүүдийг Засгийн газар яаралтай хэлэлцүүлэхээр оруулж ирсэн гэдгийг тэрбээр дурдаж, “яаралтай” горимоор хэлэлцэхийг дэмжих, эсэх тухай санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 53.1 хувь нь хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэхийг дэмжсэн тул Байнгын хороонд шилжүүллээ.