Парагвай Улсын Хернандариас хотноо 2026 оны 6 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд болсон ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 38 дугаар ээлжит хурлаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэн баталгаажууллаа.
Ийнхүү тус сүлжээнд Монгол Улсаас бүртгүүлсэн шим мандлын нөөц газрын тоо 13 болж өргөжиж байна.
Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт 896,540,37 га талбайг хамрах бөгөөд Монголын хамгийн том нутаг дэвсгэртэй сум болох Гурвантэс сумын нийт нутаг дэвсгэрийн 32 хувийг эзэлдэг.
Даланзадгад хотоос баруун тийш 360 км зайд байрладаг. Хойд талаараа Говь гурван сайхан байгалийн цогцолборт газар, баруун талаараа Говийн их дархан цаазат газартай хиллэн оршдог тул эдгээр газруудын хоорондох зэрлэг амьтдын хөдөлгөөн, нүүдлийн чухал коридор бүс нутаг төдийгүй Монгол орны говь, цөлийн бүсийн биологийн олон янз байдал, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалах онцгой ач холбогдолтой нутаг юм.
Тус газар нь хадархаг уулс, хуурай сайр, баянбүрд, булаг шанд бүхий өвөрмөц ландшафттай бөгөөд дэлхийд ховордсон цоохор ирвэсийн чухал амьдрах орчин.
Тиймээс ховордсон зэрлэг амьтад, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалж үлдээхийн тулд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2012 онд тус газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргаж, улмаар УИХ-ын 2016 оны 04 дүгээр сарын 14-ий өдрийн 35 дугаар тогтоолоор байгалийн нөөц газар (БНГ)-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.
Энд цоохор ирвэс, аргаль хонь, янгир ямаа, хар сүүлт, шилүүс зэрэг ховор амьтад амьдрахаас гадна хавтгай тэмээ, мазаалай баавгай нүүдэллэн амьдардаг.
Говийн ховор ургамал заг сухай өргөн тархацтайгаас гадна олон төрлийн ховор эмийн ургамал тархан ургадаг.
Тост, Тосон бумбын нуруу нь Монгол Улс төдийгүй дэлхийн хэмжээнд цоохор ирвэсийг хамгаалах тэргүүлэх бүс нутгийн нэг бөгөөд урт хугацааны судалгаа, мониторингийн чухал талбар болж байна.
ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлснээр тухайн газрын олон улсын ач холбогдол нь нэмэгдэж, хадгалалт хамгаалалтыг сайжруулах боломж бүрддэг.
Цаашлаад хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангах, нутгийн иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн аливаа хүчин чармайлтыг ЮНЕСКО-оос дэмжих, нэмэлт эх үүсвэрийн боломж нэмэгдэнэ.
Мөн бүс нутаг болон дэд бүс нутгийн сүлжээдэд элсэн орж, сүлжээний зүгээс зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд хамрагдах замаар бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлж, боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

