Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны 07 сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тусгаарлагдан эмчлэгдэж байна. Ховд аймгийн ЗӨСТ-ийн лабораторид хийсэн (PCR) шинжилгээгээр эерэг тодорхойлогдож, баталгаажуулах шинжилгээ үргэлжилж байна.
Уг тохиолдол нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумаас тарвага агнаж, хүнсэнд хэрэглэх явцдаа халдвар авсан байх магадлалтай. Тухайн газар нь тарваган тахлын байгалийн голомтын өндөр идэвхжилтэй бүс бөгөөд Алтай таван богд чиглэлийн аялал жуулчлалын бүс нутаг юм.
ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ
·Сэжигтэй тохиолдлыг Ховд аймгийнбүсийн оношилгооэмчилгээний төвийн халдвартын тасагт тусгаарлан эмчилгээ хийгдэж байна.
·Ховд аймгийн ЗӨСТ-ийн лабораторид хийсэн (PCR) шинжилгээгээр эерэг тодорхойлогдож, баталгаажуулах шинжилгээ үргэлжилж байна.
·Нэгдүгээр хавьтлын 12 хүнийг тогтоож, өрхийн эмчийн хяналтанд авч урьдчилан сэргийлэх эмчилгээ хийгдэж байна.
·Тандалт судалгаа үргэлжилж байна.
ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
Тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
Тарваганы түүхий эд, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад УТСААР ЯАРАЛТАЙ ДУУДЛАГА өгнө үү.