Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Шатахууны хангамжийн нөхцөл байдлын талаар танилцуулав.
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс Ойрх Дорнод дахь мөргөлдөөн дахин хурцадмал байдалд шилжсэнтэй холбоотойгоор сүүлийн 10 хоногт тогтмол өсөж, 100.34 ам.долларт хүрсэн ч мөн сарын 24-ний өдрөөс бага зэрэг буурч, 07 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 87.89 ам.доллартай тэнцэж байна.
Монгол Улсын гол ханган нийлүүлэгч ОХУ-ын тухайд “Шатахууны тухай хууль”-ийг баталж, шатахуун, онгоцны түлшний экспортод бүрэн хориг тавих, худалдан авалтын хязгаарлалт тогтоож эхэлжээ. Гэсэн ч “Роснефть” компани өмнө нь байгуулсан гэрээний дагуу 2026 оны 03 дугаар сараас хойш АИ-92 автобензинийг тонн тутмыг 705 ам.доллароор нийлүүлж ирсэн ч дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ сүүлийн 3 сар дарааллан 30-аас дээш хувиар нэмэгдсэн учраас тогтмол үнийг дахин хэлэлцэх нөхцөл байдал үүсчээ. Нийлүүлэгч талтай хэлэлцсэний үр дүнд 07 дугаар сараас ОХУ-ын дотоодын биржийн үнэд суурилсан үнээр нийлүүлж эхлээд байгаа юм. Улмаар, дотоодын зах зээл дээрх АИ-92 автобензиний үнэ 250-300 төгрөгөөр нэмэгдсэн бол дизелийн үнэ 100-150 төгрөгөөр буурчээ.
Монгол Улс 07 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензин 37 мянган тонн буюу 17 хоног, дизель түлш 91 мянган тонн буюу 23 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна.