- Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч, хилийн бүс, тусгай хамгалаалтай газарт зам засахдаа байгаль орчны үнэлгээгээ нуун дарагдуулж, говийн баянбүрдийг ширгээж, заг тооройн төглийг устгаж буй “Алтаргана хайрхан” компанийн үйл ажиллагааны талаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд өнөөдөр мэдээлэл хийх юм байна.
Говийн гайхамшиг, ирвэсийн өлгий нутаг гэдгээр нь хүмүүс сайн мэддэг Тост, Тосонбумын нурууг сар гаруйхны өмнө ЮНЕСКО-гоос Шим мандалын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэсэн. Хамгаалалтын захиргааныхан батламжаа гардаж аваагүй байхад тусгай хамгаалалттай газрыг нүүрс тээврийн хоёр ч зам хэрчихээр эхнийх нь далангаа барьсан, нөгөөх нь замаа хусч байгаа аж.
1. Баянхонгор сумын Баян-Өндөр, Шинэжинст сумын заагт байх Хуурай талын уурхайгаас Хүрэншанд-Нарийнсухайтын боомт хүрэх автозамыг “Алтаргана хайрхан” компани эхлүүлсэн бөгөөд одоогоор Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Толь булагийн баянбүрд, Гурвантэс сумын Хулангийн хөндий, Зараа хайрхан, Торойт хөндийн босго гэх газруудад загийн төгөлийг булгалж, шимт хөрсийг хусч эхэлжээ. Тэд Байгаль орчны үнэлгээндээ заган ойг дайрах талаар тусгаагүй, тусгасан бол түүнийгээ холбогдох байгууллага, нутгийн иргэдээс нууцалсан аж /ЭНД ДАРЖ үзнэ үү/.
2. Баянхонгор аймгийн Шинэжинст сум дахь Хотгорын уурхайд нүүрс олборлож буй “Секэр Ресурсос Монголиа” компани нутгийн иргэдэд тусгай зориулалтын замыг өөрсдийн хөрөнгөөр барьж тээвэр явуулна гэж амалсан ч Засгийн газрын 140 дугээр тогтоолоор далайлган технологийн буюу шороон замаар нүүрс тээвэрлэхээр 1000 тн буюу нүүрс ачсан долоон машин гаргасныг нь Гурвантэс сумын иргэд зогсоожээ. Нутгийн иргэд замыг хатуу хучилтаар хучсаны дараа тээвэр явуулахыг “Секэр ресорсус Монголиа” компаниас шаардаж байгаа юм байна /ЭНД ДАРЖ үзнэ үү/.
3. Өнгөрсөн жил уг замын бүтээн байгуулалтын ажлын үед тус сумын гурван иргэн хүнд даацын машинд дайруулан нас барсан бөгөөд төсөл хэрэгжүүлэгч компани ямар нэг хариуцлага хүлээгээгүй байна.
Дархан цаазат Богдхан уулыг ЮНЕСКО Шим мандлын нөөцөд авсан ч салаа, ам бүрт нь баригдсан амралтын бааз, ресорт, хотхонуудын үйл ажиллагаанаас болоод энэ бүртгэлээс хасагдсан юм. Тост, тосонбумбын нурууг Шим мандлын бүртгэлд бүртгэсэн ч хасагдах бодит байдал нүүрлэжээ.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн мэдээллийг эргэн хүргэх болно.