Инфляцын гал дээр 1 ихнаядын бензин цацсан тодотгол

2026-08-26
3 минут уншина

Үнэ өсөж, иргэдийн худалдан авах чадвар муудаж, инфляц айл өрхийн амьдралд хүчтэй дарамт болж байгаа үед Засгийн газар төсвийн зардлаа дахин тэлэх тодотгол өргөн барилаа. Үүнийгээ “1.4 их наяд төгрөг хэмнэсэн” гэж тайлбарлаж байгаа ч төсвийн үндсэн тоо өөр дүр зураг харуулж байна. Батлагдсан төсвийн нийт зарлага 32.98 их наяд төгрөгөөс 33.98 их наяд болж, 998 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Орлого үндсэндээ өөрчлөгдөхгүй атлаа төсвийн алдагдал 1.05 их наядаас 2.05 их наяд төгрөг болж бараг хоёр дахин өснө.

Тэгэхээр 1.4 их наядыг жинхэнэ утгаар нь “хэмнэсэн” гэж ойлгож болохгүй. Хөрөнгө оруулалт, нийслэлийн үнэт цаасны санхүүжилт болон бусад зардлаас чөлөөлсөн эх үүсвэрээ цалин, тэтгэвэр, татаас руу шилжүүлж байна. Нэг халааснаасаа нөгөө халаас руу мөнгөө хийчихээд хэмнэсэн гэж нэрлэж байгаатай адил.

Үүнээс 674.5 тэрбум төгрөг нь шинэ бодлогын зардал ч биш. Боловсролын салбарын цалин оны эхнээс нэмэгдсэн боловч бүтэн жилийн санхүүжилтийг анхны төсөвт хүрэлцээтэй тусгаагүй учраас одоо тэр цоорхойг нөхөж байна. Өөрөөр хэлбэл тодотголын хамгийн том зардлын нэг нь шинэ асуудал шийдэж байгаа мөнгө бус, өмнөх шийдвэрийн санхүүжилтийн дутууг нөхөж байгаа мөнгө юм.

Мөн “цалинг 50 хувь нэмнэ” гэдэг нь төрийн бүх ажилтны цалин дахин 50 хувь өснө гэсэн үг биш. Багш нарын цалин оны эхнээс нэмэгдсэн. Харин одоо салбар хоорондын зөрүүг багасгах зорилгоор эрүүл мэнд, шинжлэх ухаан болон өмнөх нэмэгдэлд бүрэн хамрагдаагүй зарим төрийн үйлчилгээний ажилтны цалинг ялгаатай хэмжээгээр өсгөхөөр тооцжээ.

Цалингийн нэмэгдэлд оны үлдсэн хоёр сард 166.3 тэрбум, тэтгэврийн нэмэгдэлд 196.3 тэрбум төгрөг зарцуулна. Хоёр сарын тоог харахад бага мэт боловч эдгээр нь нэг удаагийн зардал биш. Дараа жил бүтэн 12 сар санхүүжүүлэх ёстой байнгын зардал болно. Өөрөөр хэлбэл, нэг удаа зардал танаж чөлөөлсөн мөнгөөрөө жил бүр давтагдах төсвийн үүргийг томруулж байна.

Нэг удаа малаа зараад олсон мөнгөөрөө өрхийн сарын тогтмол хэрэглээг өсгөчихсөнтэй адил. Мал нэг удаа зарагдана. Харин нэмэгдсэн хэрэглээ дараа жил дахиад мөнгө нэхнэ.

Тиймээс жинхэнэ асуулт нь өнөөдөр цалин, тэтгэвэр хэдээр нэмэгдэх вэ гэдэг биш. 2027, 2028 онд энэ зардлыг юугаар санхүүжүүлэх вэ?

Монголын төсвийн орлого нүүрс, зэс, уул уурхайн циклээс өндөр хамааралтай хэвээр. Уул уурхайн орлого сайн үед цалин, тэтгэвэр, татаасын зардлаа өсгөчихөөд, маргааш нүүрсний үнэ унаж экспорт саарвал яах вэ?

Тодотголын орлогын бүтэц ч сэрэмжлүүлэх дохио өгч байна. Уул уурхайн АМНАТ өсөж байгаа атлаа ААНОАТ, НӨАТ, импортын гаалийн болон онцгой албан татварын орлого буурч байна. Өөрөөр хэлбэл уул уурхайн том тоонууд боломжийн харагдаж байгаа ч дотоодын бизнес, хэрэглээ, импортын идэвхжил хумигдаж байна. Яг ийм үед төсвийн алдагдлыг бараг хоёр дахин өсгөх нь хувийн хэвшилд ч дарамттай. Төр алдагдлаа өр, үнэт цаасаар санхүүжүүлэх тусам зах зээл дээрх мөнгөний эх үүсвэрийн төлөө бизнесүүдтэй өрсөлдөнө. Инфляц өндөр хэвээр байвал хүү буух орон зай хумигдаж, хамгийн түрүүнд зээлээр эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлдэг жижиг, дунд бизнесүүд цохилт авна.

Цалин, тэтгэвэр нэмэх шаардлагыг үгүйсгэхгүй. Гэхдээ иргэдийн орлогыг инфляцаас хамгаална гэж зардлаа нэмчихээд, нөгөө талдаа төсвийн алдагдлаа бараг хоёр дахин тэлбэл бодлого өөрөө өөртэйгөө зөрчилдөнө. Нийлүүлэлт дагаж өсөхгүй үед төсвийн нэмэлт эрэлт үнэ, импорт, ханшийн дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй.

Эцэст нь нэг гараараа өгсөн цалин, тэтгэврийн нэмэгдлийг нөгөө гараараа инфляц, өндөр хүү, төгрөгийн худалдан авах чадварын бууралтаар буцаагаад идүүлэх аюултай. Цалин, тэтгэвэр нэмэх амархан. Харин түүнийг эдийн засгийн бодит өсөлтөөр тогтвортой санхүүжүүлж, ирээдүйн татвар төлөгчдөд өр болгон үлдээхгүй, инфляцаар үнэ цэнийг нь идүүлэхгүй байх нь жинхэнэ бодлого юм.

Р.Даваадорж

/Мөнгөний бодлогын хорооны хараат бус  гишүүн, Эдийн засгийн ухааны доктор/

2026.08.25

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Шинэ мэдээ

Өмнөх хуудас

ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1кг метафетаминыг илрүүллээ

Дараагийн хуудас

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Сүүлд нэмэгдсэн Онцлох

Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх нийслэлийн ногоон бүс, ойн сан бүхий

Тост, тосонбумбын нуруу Шим мандлын бүртгэлээс хасагдах нөхцөл байдал нүүрлэсэн гэв

Говь гурвайхан, Тост, тосонбумын тусгай хамгаалалттай газраар шороон замаар нүүрс тээвэрлэх гэсэн “Секэр ресорсус Монголиа” компанийн үйлдлийг Засгийн газраас дэмжсэн тогтоолоо эргэн харахыг хүсч,

А.Амартүвшин: Тендер авчихаад жил бүр мөнгө нэхээд ажлаа хийдэггүй компаниудад хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын Нийгмийн салбар, агаарын бохирдол болон ногоон хөгжил хариуцсан орлогч А.Амартүвшингээс сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын
ШилжихДээш