УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Туулын хурдны зам” төслийн хууль зөрчсөн шийдвэрүүд, төсвийн зарцуулалт, байгаль орчинд учруулсан хохирлын асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд асуулга хүргүүлжээ.
Асуулгад “Туулын хурдны зам” төсөлд олгосон 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа, төсөв болон байгаль орчинд учруулсан хохирлыг хэн нөхөн төлөх, зөвшөөрөл, ТЭЗҮ, БОННҮ болон бусад бүрэн зураг төсөлгүйгээр ажлыг эхлүүлсэн албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцохыг тодруулж байгаа юм байна. Мөн аудитын дүгнэлтээр хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй БНХАУ-ын “ХаоЮань групп” болон “Тяньжин Рубайвэй”-тэй байгуулсан НХААГ/20250101139 дугаартай, 2.345 их наяд төгрөгийн гэрээг цуцлахын оронд шинэчилсэн трассаар гэрээг үргэлжлүүлэх болсон хууль эрх зүйн үндэс, арбитрын маргаан үүссэн эсэх, үүссэн бол маргаанаас гарах эрсдэл, хохирлыг хэн хариуцах зэрэг асуудал дээр тодорхой хариулахыг шаардсан байна.
Тэрээр “Хотын дарга, нийслэлийн захирагч Б.Пүрэвдагва нь “Туулын хурдны зам төсөл гэж байхгүй” гэж мэдэгдсэнээр 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа, байгаль орчинд учруулсан хохирол, хууль зөрчсөн шийдвэрүүдийн хариуцлага үгүй болох ёсгүй юм. Төсвийн нэг төгрөг бүрийн зарцуулалт, гаргасан шийдвэр бүрийн хариуцлагыг тодорхой болгох ёстой” хэмээн цахим хуудаснаа байр сууриа илэрхийллээ.