Монгол Улсын иргэд гар цүнх, чемодан болон бусад ачаа тээшиндээ үлдсэн ангийн болон бусад төрлийн галт зэвсгийн сумыг анзааралгүй авч явснаас Эрээн боомтын хяналт шалгалтаар илэрч, саатуулагдах тохиолдол гарсаар байна. 2025 оноос хойш ийм төрлийн нийт 6 тохиолдол бүртгэгдсэн байна.
Эрээн боомтын холбогдох байгууллагуудаас 10 болон түүнээс дээш сум авч явсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах, 10-аас цөөн сум авч явсан тохиолдолд сум тус бүрд 500 юанийн торгууль ногдуулах арга хэмжээ авч байгаа тул иргэд БНХАУ-д зорчихдоо онцгой анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
Цүнх, ачаа тээшээ урьдчилан сайтар шалгалгүй зорчих нь хууль, хяналтын байгууллагад шалгагдах, саатуулагдах, аяллын төлөвлөгөө алдагдах, санхүүгийн хохирол хүлээх зэрэг хүндрэлд хүргэж болзошгүй.
Иймд БНХАУ-д зорчихын өмнө:
-гар цүнх, чемоданы бүх тасалгаа;
-хувцасны халаас;
-автомашины салон, тээшний хэсэг;
-ан гөрөө, буудлагад ашиглаж байсан цүнх, хувцас, хэрэгслийг нэг бүрчлэн шалгаж, галт зэвсгийн сум болон хилээр нэвтрүүлэхийг хориглосон бусад эд зүйл үлдээгүй эсэхийг нягтална уу.
Мөн бусдын дайвар ачаа, илгээмж, эд зүйлсийг агуулгыг нь мэдэхгүйгээр авч явахгүй байхыг Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас онцгойлон анхааруулж байна.