УИХ-ын гишүүн М.Энхцэцэг 600 mbt сэргээгдэх эрчим хүчний сонгон шалгаруулалтыг Эрчим хүчний яам нууцаар зарлаж, дэлхийд гайхагдах зууны онигоо боллоо гэх асуудлыг дэлгэлээ.
Тэрээр “ЭХЯ говийн бүсэд жилд 1.7 тэрбум кВт.цаг цахилгаан үйлдвэрлэх буюу ойролцоогоор 600 МВт-ын нар, салхины өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг нууцаар зарлажээ.
ЯАГААД НУУЦАЛСАН ГЭЖ ҮЗЭВ
Монгол Улсыг Хятадын эрчим хүчний хараат байдалд оруулж, үндэсний аюулгүй байдлыг эрсдэлд оруулах том асуудлыг ТЭЗҮ-гүйгээр зөвхөн яамныхаа website-д тавиад, бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, яамныхаа пэйж хуудас дээр ч тавиагүй, олон нийтийн мэдэх эрхийг хязгаарласан.
600 МВт гэдэг хүчин чадлыг нууж, зөвхөн жилд 1.7 тэрбум кВт.цаг эрчим хүчний үйлдвэрлэх эх үүсвэр гэж зарласан.
Дэлхийд хүчин чадал МВт-ыг тавихгүйгээр зөвхөн жилд үйлдвэрлэх цахилгааныг тавьж, эх үүсвэр барих зарлалаа тавьдаг улс орон байхгүй. Энэ бас дэлхийд гайхагдах зууны онигоо.
СЭХ-НИЙ ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН
Мөн 600 МВт хүчин чадлыг нуусан нь СЭХ-ний хуулийг зөрчихөд хүргэжээ. СЭХ-ний хуулийн 5.3.9.а-д төсөл шалгаруулалтыг зохион байгуулахдаа ХҮЧИН ЧАДЛЫГ урьдчилан тодорхойлсон байна гэж заасан байна.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ
Энэ төслийн гол зорилго нь Оюутолгойг дотоодын эх үүсвэрээс хангах юм. Гэтэл СЭХ нь нар жаргалаа, салхигүй боллоо, үйлдвэрлэлт байхгүй болчихдог тул Оюутолгойг найдвартай цахилгаанаар хангаж чадахгүй. Том батарей тавиад ч найдвартай байж чадахгүй. Тэгэхээр Хятадын эрчим хүчний системтэй холбогдохоос аргагүй болно. Ингэхээр Оюутолгой, түүний ойр орчмын уул уурхай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Багануур, Чойр гээд Монгол Улс дундуураа хуваагдаад Хятадын эрчим хүчний бүрэн хараат байдалд орно.
Монгол Улс одоо эрчим хүчний хувьд ОХУ-аас хараат байдалд байдаг. Гэтэл яаж энэ эрчим хүчний хараат байдлаа бууруулах вэ гэж бодохын оронд дахиад улсаа хоёр хуваагаад Хятад улсаас хараат болгох алхмыг хийж байгаа нь түүхэнд бичигдэх гэм нүгэл юм. Яагаад 2 хуваагдаж байгаа вэ гэхээр ОХУ, Хятад улсын сүлжээ хоорондоо холбогдох боломжгүй учраас бид төвийн системээ Багануур дээр таслаад Хятадаас тэжээхээс аргагүй болно.
Иймд энэ төслийг хийх гээд яваад байгаа Монгол компаниуд минь ээ, ЭХЯ минь ээ ийм түүхэнд бичигдэх гэм нүгэл хийж болохгүй.
ТАВАНТОЛГОЙН ЦС-ЫГ ТАГ ЗОГСООВ
Тавантолгойн ЦС-ын ганц хэрэглэгч Оюутолгойг энэ СЭХ-ээс тэжээх тул Тавантолгой ЦС-ыг барих боломжгүй болгов. Ингэснээр Оюутолгойг дотоодын найдвартай эх үүсвэрээс цахилгаанаар хангах боломжгүй болов.
ЯМАР ТӨРЛИЙН ЭХ ҮҮСВЭР БАРИХ ХЭРЭГТЭЙ ВЭ
Үнэхээр Оюутолгойг дотоодын эх үүсвэрээс хангах зорилготой байгаа бол тогтвортой, найдвартай цахилгаан үйлдвэрлэх Тавантолгойн цахилгаан станцаа барь. Системийн тогтворжилтыг хангадаг усан цахилгаан станц, ус хуримтлуурын станц, хийн станц, том чадлын батарей станцаа барь. Энэ ажлуудыг хийвэл бид Хятадтай холбогдохгүйгээр Оюутолгой, түүний ойр орчмын уул уурхайг дотоодоосоо найдвартай цахилгаанаар хангаж чадна.
Монгол компаниуд минь энэ л буянтай, Монгол түмний хараалыг идэхгүй, түүхэнд хараар бичигдэхгүй, тогтвортой, найдвартай, хэрэглэгч чинь сэтгэл ханамжтай бизнес болно шүү.
ТАРХМАЛ СЭХ-ИЙГ ДЭМЖИЖ БАЙГАА
Мэдээж аймгийн төвүүд, айл өрхүүд, аж ахуйн нэгжүүд бага чадалтай нар, салхины станц, батарейг тавьж, цахилгаан хангамжаа найдваржуулах, алдагдлыг бууруулах, хүчдэлийг өсгөх, илүүдлээ сүлжээнд зараад нэмэлт орлого олох, нарны панель, батарейг ашиглаад цахилгаан машин цэнэглэгч барих асуудлыг бид маш их дэмжиж байгаа.
Тийм ч учраас бид СЭХ-ийг дэмжих УИХ-ын тогтоолыг гаргаад, журмыг шинэчлээд, сүлжээнд хялбар холбодог болгох, орлогыг сар болгон авдаг болгох гээд олон ажлуудыг “Чөлөөлье” аяны хүрээнд хийж байна.
Энэ ажлуудаа яриад бид 21 аймаг, 10 сумаар явж, 10 гаруй мянган ард иргэд, аж ахуйн нэгжтэй уулзаж, алтан шар нарны боломжийг иргэн бүр, аж ахуйн нэгж бүр тултал ашиглах тухай ярьж явлаа.
Ингэж л бид СЭХ-ийг дотооддоо өөрсдийн шаардлагад нийцүүлж ашиглана уу гэхээс биш Монгол Улсаа барын аманд хаяж өгөх, түүхэнд бичигдэх гэм нүгэл хийж болохгүй.
Мэргэжилтнүүдээ сонсдог болсон цагт Монгол Улс зөв замаар хөгжинө.
Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал бидний амьнаас илүү үнэ цэнтэй.
Эрчим хүчний хараат байдлаа бууруулъя.
Энд хүн бүхний хичээл зүтгэл, Монголоо гэсэн сэтгэл хэрэгтэй шүү гэж хэлье.
Доорх линкээр орж auction-ны зарыг үзээрэй.
https://energy.gov.mn/contents/view/iid/2167
https://energy.gov.mn/contents/view/iid/2160