“Цагаан үзэг” холбоо НЭМҮТ-тэй байгуулсан санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлсэн анхны үйл ажиллагаа болох “Нийгмийн эрүүл мэндэд сэтгүүлчдийн оролцоо” мэдээлэл хүргэх өглөөний уулзалтыг есдүгээр сарын 23-нд зохион байгууллаа.
Уулзалтыг нээж тус төвийн захирал С.Гэрэлмаа нийгмийн эрүүл мэндийн бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэлээ. Мөн тус төвийн эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд угаарын хийн хордлого, томуу, томуу төст өвчний дархлаажуулалт, урьдчилан сэргийлэлт, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлэг, орчны эрүүл мэнд зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, сэтгүүлчидтэй санал солилцов.

ХАЛДВАРЫН ЭРСДЭЛТЭЙ ОРЧИНД АЖИЛЛАДАГ СЭТГҮҮЛЧ, ЗУРАГЛААЧДЫГ ТОМУУГИЙН ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРУУЛЛАА
Эрүүл мэндийн мэдээлэл бэлтгэдэг сэтгүүлч, зураглаачид халдварын эрсдэлтэй орчинд ажилладаг тул “Цагаан үзэг” холбоо, түүний дэргэдэх эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клубийн зүгээс жил бүрийн намар мэргэжлийн байгууллагуудтай хамтран томуугийн дархлаажуулалтад хамруулах ажлыг уламжлал болгон зохион байгуулдаг.
Энэ удаа уулзалтад оролцсон сэтгүүлч, зураглаачдыг томуугийн дархлаажуулалтад хамруулж, мэргэжлийн үйл ажиллагааны үеийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүллээ.



