“Түмэн наст тээвэрчдийн зөвлөл” холбооноос Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн концессын авто зам эзэмшигч “Тахилт хайрхан транс” ХХК-ийн авдаг замын хураамжийг болиулах, эсвэл 30 хувиар бууруулахыг шаардаж өнөөдөр ажил хаяхаа зарлаад байсан ч хойшлуулахаар болжээ. Зам тээврийн яамнаас өгсөн тайлбараар тус компани нь нэг ч төгрөгний хураамж авах эрхгүй гэж үзэж байгаа учраас бүрэн эрхт тусгаар улсын хууль, стандарт, төр засгийн газарын шийдвэр, ард иргэдийнх нь хууль ёсны эрх ашигт хүдэтгэлтэй хандахыг тээвэрчид шаардаж байгаа юм байна.

Тээвэрчдээс ТАХИЛТ ХАЙРХАН ТРАНС ХХК -д гаргасан Мэдэгдэл
Тавантолгойн бүлэг ордын тээвэрчид бид Монгол улсын иргэд бөгөөд Үндсэн хуулинд заасан эрх, ардчилсан улсын иргэний үүрэг хариуцлага ухамсарлан танай компанийн концессийн гэрээгээр эзэмшин ашиглаж буй замын ашиглалтад гарч буй зөрчил, хураан авч буй тарифын шударга бус байдал ба замын чанарын асуудлаар хууль журамд нийцсэн зүй ёсны шаардлага хүргүүлж ТЭЭВРИЙГ ТАСАЛДАЛГҮЙ явуулах нийтлэг эрх ашгийг дээдлэн шийдэл гаргах санал хувилбарыг удаа дараа тавьж буй болно.
Гэвч танай компанийн зүгээс үл ойшоох төдийгүй МУ-ын төрийн захиргааны төв байгууллагаас өгсөн шаардлагыг хангахгүй байх жишиг тогтоохоор улайрч, шударга ёсны шаардлага тавьж буй тээвэрчдийг хуулийн заалтаар далайлган сүрдүүлж байгаа нь хууль журмыг сахин ажиллах, хүний амь нас эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирох эрсдлийг үүсгэсэн байдлаа хамгаалсан, олон нийтийн эрх ашигт харшилсан үйлдлүүдээ үргэлжлүүлэн шударга бус хураамж тарифаар хөдөлмөрийн мөлжлөгийн шинжтэй үйлдлээ үргэлжлүүлэх санаархалтай байна гэж үзэж байна.
Бидний зүгээс”Авто зам, замын байгууламжийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах журам”-ын заалт, … Зам ашиглалтыг зогсоох үндэслэл заалтын: стандарт норм, норматив, техникийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй , … эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлага үүргийг биелүүлээгүй бол…. Тухайн замын ашиглалтыг зогсоох тухай заалтуудыг зөрчиж буй үйлдлээ эргэн харж, тариф хураамжаа шатлалтай авч шударга ёсны зарчмаар ажиллах маш энгийн шаардлагыг тавьж буй болно.
Монгол улс нь эрх зүйт төртэй ардчилсан улс бөгөөд хөрөнгө оруулагч зам концесс эзэмшигч хэн нэгэнд давуу байдал үүсгэх, дураар авирлах онцгой эрх ойлгосон хууль байх боломжгүй бөгөөд хуулийн өмнө бүгд эрх тэгш байх зарчмаар танай зүгээс ЗТЯ тэдгээрийн холбогдох албан тушаалтан газраас ирүүлсэн замын стандарт шаардлага хангах шаардлагыг хангах хүртэл энэхүү замаар өндөр тариф төлж тээвэр хийхгүй гэсэн зүй ёсны шаардлагаа хамгаалан зогсох болохоо үүгээр мэдэгдэж байна.
Та бүхний замын ашиг санхүүжилтийн төлбөрийг халаас хөлсөө шавхан өгдөг эгэл тээвэрчдийг басамжилсан байдлаа эргэн харж, төрийн захиргааны төв байгууллага ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн даргын 2026/09/01 03/4317 тоот мэдэгдэлд тодорхой заасан … ашиглалтын хэвийн нөхцлийг хангуулах хүртэлх хугацаанд зам ашигласны төлбөр хураамж авч буй асуудлыг нэн даруй зогсоох -шаардлагыг хангаж ажиллах, тээвэрлэлтийг тасалдалгүй хэвийн явуулах үүднээс тарифын асуудлаар бодит хэлцэл хийх хүртэл бид тээвэрлэлт хийхгүй ТЭГ зогсолт зарлахаа дахин мэдэгдэж байна.
Хуулийн дагуу тавьсан аливаа шаардлагыг хангаагүйгээс тээвэрчид болон бусад харилцагчдад үүсэх аливаа хохирлын асуудлыг замын стандарт зохих норматив шаардлагыг хангаагүй, улсын комисс хүлээж аваагүй нөхцөлд тээвэр эхлүүлж компани иргэдийн эрүүл мэнд машин техник эд хөрөнгөөр хохироож ирсэн танай талууд бүрэн хариуцах болохыг үүгээр мэдэгдэж байна.
Бид энэ хүртэл аливаа дарлал мөлжлөгийг даасандаа бус төр хуулиа дээдлэн тэсэж ирсэн ба Монгол улсын төр, хууль шүүх мөнгөтэй хүчтэй талд үйлчилж шударга ёсны шаардлагад нэгдсэн тээвэрчдийг та бүхний хүсэлт гаргаснаар хүч хэрэглэн нухчин дарахгүй гэж итгэж байна.
Эх орныхоо төлөө зүтгэж хүүхдийнхээ идэх талхны мөнгөө замын хураамжид өгчихөөд өрийн данс тэврэн зүдэрч буй залуусыг эрсдэлд оруулж, хууль журмыг үл тоон давуу байдал олж авах гэсэн санаархлаа хэрэгжүүлж хууль ёсны эвлэлдэн нэгдсэн жагсаал цуглааныг тараах үймээн гаргах , хууль хүчний байгууллагад нөлөөлөх үйлдэл гаргавал Монголын төр хуулийг нэг мөр хэрэгжүүлэх хүртэл бид эцсээ хүртэл зогсох эрх зориг, эв нэгдэлтэй болохоо харуулахад бэлэн байна.
Экспортын тээврийг явуулах гол зорилгоо болгож тээвэрчдийн болон төрийн захиргааны байгууллагын шаардлагыг хүлээн авч 2026.09.24 өдрийн 14:00 цагт багтаан тодорхой шийдэл гаргаж эрсдлээс хамгаалж ажиллахыг уриалж байна.
ТҮМЭН НАСТ ТЭЭВЭРЧДИЙН ЗӨВЛӨЛ ХОЛБОО, ТАВАН ТОЛГОЙН БҮЛЭГ ОРДЫН ТЭЭВЭРЧИД
Тэгвэл “Тахилт хайрхан транс” ХХК-иас өнөөдөр тээврийн жолооч нарт хариу өгчээ. Тус хариу албан бичигт замын төлбөр хураамжийг бууруулах, зогсоох боломжгүй гээд, хэд хэдэн үндэслэлүүдийг дурджээ. Тухайлбал, замын төлбөрийг жолооч биш компаниуд нь төлдөг учраас жолоочид дарамт болсон гэх үндэслэлгүй, түүнчлэн концессын гэрээний дагуу дангаар шийдвэр гаргах боломжгүй учраас шаардлагыг хүлээж авахгүй гэж шийдвэрлэсэн байна. Энд нэгэн эргэлзээтэй тайлбар дурдсан нь, замын төлбөрийг нүүрс худалдан авагч тал тээвэрлэгч компанид бусад төлбөртэй нэгтгэн төлдөг гэсэн байв. Хэрэв энэ үнэн бол тэр мөнгийг хэн авсныг жолооч нар асууж, авсан эзнээс нөхөж авахыг хүсч байна.
Харин ажил хаялтын тухайд, төрийн эрх бүхий байгууллагаас улс орны эдийн засгийн гол хүчин зүйл болох нүүрс экспорт саатах нь сөрөг үр дагавартай тул 10 хоногийн дотор холбогдох хууль эрх зүйн хүрээнд асуудлыг шийдвэрлэхээр ажиллахаа илэрхийлсэн тул нүүрс тээврийн жолооч нар “төрд итгэл үзүүлж” өнөөдөр хийхээр зарласан “тэг” зогсолтоо хойшлуулахаар болжээ.