Төв аймгийн Алтанбулаг сумаас шинжилгээгүй, хорио цээргүй авчирсан 12 ухнатай холбоотойгоор Говь-Алтай аймгийн Цогт суманд малын аюултай өвчин (годрон) дэгджээ. Анхны дуудлага мэдээлэл 2026 оны наймдугаар сарын 26-нд бүртгэгдсэн.
Өнөөдрийн байдлаар нийт 42 өрхийн 16000 малаас дээж шинжилгээ авч, хариу нь гарсан 32 ямааны 22 нь буюу Төгрөг, Баян-Өндөр, Рашаант багийн малын хариу эерэг гарсан байна. Бусад 10 малын хариу гараагүй байна. Нэг өрхийн нэг малаас дээж авч байгаа нь хангалтгүй учраас давтан шинжилгээ авах байдлаар ажиллах юм. Харин 11 өрхийн 3100 малыг устгалд оруулсан ч зарим эерэг гарсан малаа зарим айл ил шинж тэмдэггүй гэх шалтгаанаар устгалд оруулахаас татгалзаад байгаа аж. Мөн өчигдрийн байдлаар нэг сүрэгт 5 айлын мал байгаа бөгөөд ялгаж зааж өгөхгүйгээс устгалын ажил удааширсан тохиолдол гарчээ. Одоогоор устгал хэвийн явагдаж байгаа гэдгийг сумын Засаг дарга Д.Лхагвасүрэн хэвлэлд өгсөн мэдээлэлдээ дурьдлаа.
Тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй 5 ажлын хэсэг, мөн мал устгалд 15 хүн, тууварт мэргэжлийн ангийн алба хаагчдыг дайчлан ажиллаж байгаа юм байна.
Хариуцлагагүй албан тушаалтнуудын шийдвэрээс болж нутгийн малчид өнөөдөр амьжиргааны эх үүсвэр болох малгүй, өнчин ишиггүй үлдэж, хот хараллаа гэх шүүмжлэл гарч байгаа юм. Учир нь тус суманд 2026 оны наймдугаар сарын 10-ны өдөр Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.Энхсайхан, Сумын Засаг даргын орлогч С.Мандахнаран нар тэдгээр 12 тооны ухныг авчирснаар энэ олон ямааг булуулж, малчдын санхүү хүнд нөхцөл байдалд хүрсэн гэх яриа гараад байна.