СЭМҮТ: 2024, 2025 онд эмнэлгийн нас баралтын 20 хувьд оношийн зөрүү гарчээ

2025-08-05
4 минут уншина

СЭМҮТ-ийн төлбөртэй тусламж үйлчилгээний талаар 2024 оны арваннэгдүгээр сард иргэнээс АТГ-т гомдол гаргасныг ЭМЯ-нд шалгуулахаар шилжүүлсний дагуу ЭМЯ-ны ХШҮДАГ-аас санхүүгийн хяналт шалгалт хийж гүйцэтгэхэд гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон тул ЦЕГ-тай хамтарсан санхүүгийн хяналт шалгалтыг 2025 оны хоёрдугаар сарын 25-аас гуравдугаар сарын 24-ний өдрүүдэд хийсэн байна. Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрчээ.

  • 2022-2024 онд цахим бүртгэлд бүртгэсэн төлбөртэй тусламж үйлчилгээний орлого болох 527,875,000 төгрөгийн ор хоногийн төлбөрийг иргэдийг “цагтаа ирээгүй”, өөрөөр хэлбэл эмнэлэгт хэвтээгүй гэж цуцалснаас 478,970,000 төгрөгийн цуцлалт хуурамч, өөрөөр хэлбэл иргэдийг эмнэлэгт хэвтэн, орны төлбөр төлсөн байхад хэвтээгүй хэмээн бүртгэлийг цуцалсан байна. Энэ их мөнгөө СЭМҮТ -дарга нар нь доод ажилтнуудтайгаа хуйвалдаад бэлнээр гаргаж авдаг, хувийн дансанд шилжүүлж авдаг нь эхний байдлаар тогтоогдоод одоо эрүүгийн хэрэг үүссэн шалгагдаж байна. Энэ нь нэг хоёрхон жил үргэлжилсэн биш, таваас дээш жил үргэлжилж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт муугаар нөлөөлж, эмч ажилчдын зүрх сэтгэл мохож ажлын байраа орхих хэмжээнд хүргэжээ.

/Төлбөртэй тусламж үйлчилгээ авсан иргэнд төлбөр төлсөн баримтыг өгдөггүй. Үйлчлүүлэгчээс эрүүл мэндийн байгууллагын данснаас өөр дансанд төлбөр шилжүүлэхийг шаардахыг хориглосныг удаа дараа зөрчсөн/

Мөн 2025 оны 06 дугаар сарын 30-нд, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нэр бүхий иргэд Эрүүл мэндийн сайдад  болон АТГ -д хандан СЭМҮТ-ийн удирдлагын үйл ажиллагаа, хүний нөөцийн томилгоо, сонгон шалгаруулалт, эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой гомдол ирүүлсэн АТГ-аас ЭМЯ-нд шалгуулахаар шилжүүлсэн.  Энэ асуудлыг ЭМЯ -ны Төрийн захиргааны удирдлагын газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, Эмнэлгийн тусламжийн бодлогын газар болон Эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэлтсийн холбогдох албан хаагчид орсон баг 2025 оны 07 дугаар сарын 08-25 өдрүүдэд хянан шалгах ажлыг зохион байгууллаа. Хяналт шалгалтаар дараах зөрчил илэрсэн. Үүнд:

“Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой зөрчил:

“Эрүүл монгол хүн” арга хэмжээг хэрэгжүүлэх 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эрх СЭМҮТ-д 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс шилжин ирсэн ч арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөө болон үйл ажиллагааны удирдамж, төсвийн задаргааг арга хэмжээ тус бүрээр батлаагүй. Тэгсэн хэрнээ “Эрүүл монгол хүн” арга хэмжээг хэрэгжүүлэх хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийхгүйгээр “Сэтгэц нийгмийн сэргээн засах төв”-ийн ажилтан гэх 14 иргэнтэй СЭМҮТ-ийн захирал нь хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Гэрээт 14 иргэний 5 нь сэтгэцийн эмч, сувилагч, сэтгэл судлаач зэрэг мэргэжилтэй, харин бусад нь зам гүүрийн техникч, барилгын инженер, орчуулагч зэрэг мэргэжлийн шаардлага хангаагүй буюу мэргэжлийн талаарх нотлох баримтгүй байна. Гэрээт 14 иргэний 10-тай нь санхүүжилтийн эрх шилжүүлсэн тушаал гарахаас өмнө гэрээ байгуулж, 1-3 дугаар сарын цалинд 70.7 сая төгрөг олгосон байна. Мөн санхүүжилтийн эрх шилжүүлсэн тушаал хүчингүй болсон (2025.06.12)-оос хойш 248.0 сая төгрөгийн 40 гүйлгээ гаргасан.

Гэтэл, Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан СЭМҮТ-ийн бүтцэд “Сэтгэц нийгмийн сэргээн засах төв” гэж нэгж байхгүй, мөн энэ нь улсын бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд биш байна.

“Сэтгэц нийгмийн сэргээн засах төв”-ийн үйл ажиллагаа явуулахад зориулж ажлын байр түрээслэх 82.5 сая төгрөгийн худалдан авах ажиллагааг 2025 оны 06-07 дугаар сард 3 удаа зарласан ба тендер шалгаруулалтаас өмнө буюу 2025 оны 05 дугаар сард иргэн Б.З[1]-тай “үл хөдлөх хөрөнгө түрээслэх тухай” гэрээг хийсэн. Гэрээг СЭМҮТ-ийг төлөөлж хуулийн зөвлөх, хүний нөөцийн ажилтан С.О.[2] гэх иргэн байгуулсан боловч тус төвд ийм ажилтан байхгүй (хүний нөөцийн системд бүртгэлгүй, албан тушаалд томилсон шийдвэргүй), төвийг төлөөлөх эрхгүй иргэн байна.

Төвийн удирдлагын болон санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой зөрчил:

Зарим удирдах албан хаагчдыг сонгон шалгаруулалтгүйгээр, удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй хүнийг албан тушаалд томилсон байна. Тухайлбал, Удирдлагын зөвлөлийн 9 гишүүний 5 нь Албан тушаалын тодорхойлолтын шаардлагыг хангахгүй, 2 нь хувийн хэргээ бүрдүүлээгүй тул шаардлага хангаж байгаа эсэхийг баталгаажуулах боломжгүй байна

Удирдлагын зөвлөлийн гишүүдэд хүндийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл зэрэг 24.9 сая төгрөгийн хууль бус нэмэгдлийг 2025 оны эхний хагас жилийн байдлаар олгосон байна.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж, шаардлага хангаагүй олон зөвлөх ажиллуулж, цалингийн зардалд нь 2025 оны эхний хагас жилийн байдлаар 22.4 сая төгрөг зарцуулжээ,

Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой зөрчил:

Төвийн хэмжээнд амбулаторид зөвхөн 1 эмч сэтгэл заслын үзлэг, оношилгоо  хийж байгаагаас амбулаторийн сэтгэл заслын тусламж үйлчилгээний хүлээгдэл ажлын 29 хоног, стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын клиникийн хүлээгдэл 2025 оныг дуустал дүүрсэн байгаа ба үүнд ямар нэгэн зохицуулалтын арга хэмжээ аваагүй байна.

2024 он, 2025 оны эхний хагас жилийн байдлаар эмнэлгийн нас баралтын 20 хувьд оношийн зөрүү гарчээ.

Төвийн хэмжээнд удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал, хүний эрхийг ноцтойгоор зөрчих тохиолдол их байна. Тухайлбал,

  • эмчлүүлэгч нарт хоолны илчлэг, хүрэлцээ хангалтгүйн улмаас хоол тэжээлийн дутал, жингийн алдагдалд өртөх эрсдэлтэй (жишээ нь, Сэтгэцийн эмгэг судлалын II клиникийн хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчийн 80%-д сүүлийн 1 сарын хугацаанд жингийн алдагдал дунджаар 2.85 кг байна).
  • Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн стандартын дагуу насанд хүрэгчдийн хэвтүүлэн эмчлэх тасгийн бие засах газарт 10 эмэгтэй/15 эрэгтэйд 1 суултуур байхаар заагдсан байхад тус эмнэлгийн Сэтгэцийн эмгэг судлалын тасгуудад 53 ортой боловч 1 суултуур бүхий 1 бие засах газар дундаа хэрэглэдэг
  • Сэтгэцийн эмгэг судлалын 53 оронд зарим үед 70-80 хүн хэвтүүлэх, 1 орон дээр 2 хүн, зарим тохиолдолд газар хэвтүүлэн эмчлэх зэрэг тохиолдол гардаг байна.

Сэтгэгдэл

Your email address will not be published.

Өмнөх хуудас

Лин Жин: Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ

Сүүлд нэмэгдсэн Видео

Хорхог, боодог таны биед тустай юу?

Уламжлалт болон европ анагаах ухааныг хослуулан эзэмшсэн Хүний гавъяат эмч, анагаах ухааны доктор Ү.Байгалмаагийн энгийн сайхан өрнүүлсэн ихэд сонирхолтой ярилцлагыг Та бүхэнд сэдэв агуулга
ШилжихДээш