Хошин урлагийн жүжигчид болох Х ТҮЦ продакшны жүжигчин Н.Онон, И.Одончимэг, Х.Баттулга /Аглуу/ нар нь Төрийн соёрхолт зохиолч Ц.Доржготовын “Хотын бяцхан найз” болон “Цагийн өнгө” “Дэлхий даахгүй баян” зэрэг олон зохиолоор нь зохиолчийн зөвшөөрөлгүйгээр тайз дэлгэцийн бүтээл хийсэн билээ. Тэд өнөөдрийг хүртэл зохиолчоос зөвшөөрөл авах нь байтугай уучлал гуйгаагүй байгаа бөгөөд зохиолч Ц.Доржготовын хувьд зохиолын амин сүнс, санааг илтэд маазраа болгон гуйвуулсанд гомдолтой байгаа юм. Иймд дээрх асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байхад тэд дахин оюуны өмчийг хулгайлжээ. Оюуны өмчөө хулгайд алдсан зохиолч нар нэгээр тогтохгүй бөгөөд энэ талаар шог хошин зохиолч, нийтлэлч, сэтгүүлч Ж.Барамсай агсны охин Б.Хонгорзул байр сууриа илэрхийлж байна.
-Аавынхаа тухай дурсамжаас яриагаа эхлэх үү?
-Миний аав бол нэгэн цаг үеийн сод хүмүүн байсан бөгөөд соёлыг түгээгч, зохиолч, сэтгүүлч хүн байсан. Хорь гаруй жилийн өмнө миний аав бурхан болсон. Хэдийгээр миний аав өнөөдөр хорвоо дэлхий дээр байхгүй ч гэлээ аавын минь зохиол бүтээл мөнхөд үлдэж, амьд хэвээр оршсоор байгаа. Уншигч, үзэгч, сонсогчдод мөнхийн бүтээл болон үлдсэн байдаг юм. Миний аав амьд сэрүүндээ 11 номоо гаргасан. Аавд минь бичиж чадахгүй төрөл гэж байхгүй. Хошин шог зохиолоо ч бичнэ, сэтгүүлчийнхээ хувиар сурвалжлага, ярилцлага, нийтлэлээ ч бичнэ, кино зохиолчийн хувиар кино зохиол, баримтат зохиол ч бичнэ. Эдгээр их оюуны өв нь үр хүүхдүүдэд нь өвлөгдөж үлдсэн байдаг юм. Аав минь зохиол бүтээлээ туурвиж байхдаа “Одоо намайг үнэлэхгүй ээ, зуун жилийн дараа намайг үнэлнэ ээ” гэж хэлдэг байсан. Аавын минь зохиол бүтээлийг тухайн үед гадаадын олон зохиолч, уран бүтээлчид их сонирхож ирж байсан юм билээ. Энэ хэрээр олон ч хэл дээр зохиол бүтээл нь хэвлэгдэж гарч байсан, англи, орос, хятад, солонгос, болгар гэх мэт. Унгарын зохиолч нар ирж уулзаад аавын минь зохиол бүтээлийг судалж, шинжлээд орчуулаад үүгээрээ дамжуулан Монголын зохиолчдын бүтээлтэй танилцаж, монгол зохиолчдын номыг хэвлэн гаргаснаа бидэнд илгээсэн. Ийм л их оюуны өвийг үр хүүхдүүддээ үлдээж дээ гэж ааваараа маш их бахархсан. Миний аав 40 гаруйхан насандаа хорвоогийн мөнх бусыг үзсэн. Ийм богинохон насалсан атлаа аав минь үнэхээр их зүйлийг бүтээсэн хүн. Ардчиллыг бий болоход үнэтэй хувь нэмэр оруулсан зохиолчоосоо гадна улстөрч хүн гэж би хувьдаа боддог. Зохиолоороо дамжуулан нийгмийн бусармаг явдлыг, болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг өөрийнхөө нүдээр харж мэдэрч нийтлэлүүдээ бичдэг байсан. Ааваас минь хойш ээж минь үр хүүхдүүдтэйгээ өнөөдрийг хүртэл аавыгаа дурсч хүндэтгээд амьдарч байна.
-Аавынх нь зохиол бүтээлээр ялангуяа хошин урлагийнхан их маазарсан тоглолт хийж харагддаг. Үүнийг хараад та эмзэглэдэг үү?
-Миний аавын зохиол бүтээлийг үр хүүхдүүдээс нь зөвшөөрөл авахгүй маш олон удаа ашиглаад байгааг нь ажиглаад л байлаа. Ингээд хэрээс хэтэрсэн учир бид ээжтэйгээ ярилцаад аавынхаа бүх зохиол бүтээлийг Оюуны өмчийн газарт бүртгүүлээд, албан ёсоор баталгаажуулчихсан байгаа. Аливаа уран бүтээлчийн зохиол бүтээл гэдэг хаа хамаагүй хөндлөнгийн хүнд биш үр хүүхдүүдэд нь өвлөгдөж үлдэх ёстой. Үр хүүхдүүдийнх нь хувьд ч бид аавынхаа өмнө ийм үүрэг хүлээх ёстой. Гэсэн хэдий ч сүүлийн үед хошин урлагийн продакшнууд, жүжигчид бидний зөвшөөрөлгүйгээр аавын минь зохиолыг маш их ашиглаж байна. Энд ээж минь, үр хүүхдүүд нь маш их эмзэглэдэг. Ялангуяа ээж минь “Миний муу ханийн зохиолыг ашиглачихсан байна” гээд хямарч байгаа харагддаг. Гэтэл энэ оюуны өмч гэдэг чинь тухайн хүний л өмч. Оюун ухаандаа тунгааж, бодож, зохиолоо бичихдээ судалгаа хийж, товчхондоо тухайн хүний оюуны хөдөлмөр. Тэр хүний маш их хүч хөдөлмөр шингэсэн бүтээл. Аль 80-аад онд бичиж байсан зохиол нь яг одоо өнөөдрийн нийгмийг харуулсан байдаг. Тэгэхээр миний аавын уран бүтээл бол мөнхийн бүтээл юм байна, цаашдаа ч мөнхөд үргэлжлэх юм байна гэж боддог. Аавын минь бүтээлийг ашиглах нь хэрээс хэтэрч байгаа тул сүүлдээ бүр тэсэхээ байж байна. Нэг өгүүлбэрээр нь хүртэл хулгайлдаг болсон. Нэг үг, нэг өгүүлбэр нь ч гэсэн миний аавын оюуны өмч. Хань ижил нь амьд сэрүүн, үр хүүхдүүд нь байсаар байхад биднээс нэг ч удаа ирж зөвшөөрөл авдаггүй. Гэсэн атлаа кино ч хийчихдэг, контент ч хийчихдэг. Зохиолч Ж.Барамсайн зохиолоос сэдэвлэв, зохиолч Ж.Барамсайн бүтээл гэдэг нэг үг өгүүлбэр тавьдаггүй.
-Сүүлдээ бүр хулгайн хэргийнхээ ул мөрийг баллах санаатай юм уу хоёр зохиолчийн зохиолыг хольж хутгаад уран бүтээл хийж байгаа нь дэндүү ёс зүйгүй үйлдэл санагддаг?
-Хошин урлагийн жүжигчид маш муухай үйлдэл гаргадаг. Жишээ нь, жүжигчин Л.Баттулга /Аглуу/ гэх хүн миний аавын зохиол бүтээлээс үргэлж хулгай хийдэг. 2021 онд аавын минь 70 насны ой болоод би аавдаа зориулж эрдэм шинжилгээний хурал хуй хийгээд маш завгүй байсан үеэр нэг удаа надтай холбогдсон. Би тэр хүнийг танихгүй, мэдэхгүй. Гэтэл шууд л “Ж.Барамсай гуайн зохиол “Аавын дээл”-ээр контент хийсэн юм аа, маргааш IPTV-үүдээр гарах гэж байгаа” гэсэн. Би үнэхээр их гайхсан. Яагаад хийхийнхээ өмнө биш хийснийхээ дараа хэлж байгаа юм? Тэгээд нэгэнт хугацаа нь тулчихсан болохоор миний хувьд аавынхаа 70 насны ойн баярт ирээд үг хэлээд өгөөч, зохиол бүтээлээс нь ирсэн хүмүүст сонордуулаад өгөөч гэсэн хүсэлт тавихад за гэсэн ч ирээгүй. Хүн бусдын юмыг авахдаа урьдчилж зөвшөөрөл авдаг биз дээ. Зөвшөөрөл авахгүй хийчихээд яг олон нийтэд цацах болохоор хэлэхгүй бол болохгүй гэсэн байдлаар хандаж байгаа нь арай л дэндсэн хэрэг болсон. Иймд би цаашдаа маш хатуу байр суурь барина. Аавынхаа уран бүтээлийг цаашид дурын нэг хүнд ашиглуулж чадахгүй. Үнэхээр зохиол бүтээл нь таалагдаад уран бүтээл хийх гэж байгаа бол ирээд уулзаад үнэлээд явах ёстой. Энэ чинь оюуны өмч учир үнэлэгдэх ёстой. Дэлхийд бол хамгийн түрүүнд аливаа уран бүтээлийг хийхэд зохиолчийн зөвшөөрөл байгаа эсэхийг шалгадаг. Гэтэл яагаад Монголд бусдын оюуны бүтээлийг ашиглахдаа ингээд хулгайлаад байдаг юм? Хэн дуртай нь хулгайлаад, сүүлдээ бүр зохиолын үзэл санааг нь гуйвуулаад марзагнал болгоод байдаг энэ асуудалд цэг тавина. Төрийн соёрхолт зохиолч Ц.Доржготов гуай бол миний аавын багш. Миний аав маш их хүндэлж, бахархдаг байсан хүн нь. Сүүлдээ бүр Ц.Доржготов гуайн зохиол, аавын минь зохиол хоёрыг хооронд нь хольж хутгаад “Миний супер аав”, “Ханиа даргад үнсүүл” гээд ийм контент хийчихсэн байгаа юм. Миний аавын бас нэг алдартай зохиол байдаг. “Би яасан бэ” гээд. Эд нарыг нэгтгээд контент хийчихсэн байгаа нь үнэхээр дэндэж байна. Ингэж хийхдээ надаас ч тэр, Ц.Доржготов гуайгаас ч зөвшөөрөл аваагүй. Энэ бол цэвэр хулгай.
-Энэ бүхний эсрэг зохиолчдын үр хүүхдүүд нийлж нэгдэж тэмцье гэж бодож байгаа юу?
-Ц.Доржготов гуайн хүү Д.Буян ахтай холбогдсон. Аав нарын минь бүтээлийг хулгайлж байгаа энэ увайгүй үйлдэлд бүх зохиолчдын үр хүүхдүүд эмзэглэж явдаг. Аавынхаа уран бүтээлийг ийм хулгайчдаас яаж хамгаалах вэ, үр хүүхдүүддээ хэрхэн өвлүүлэх вэ гэдэг дээр зохиолчдын үр хүүхдүүд нэгдэх болно. Ц.Доржготов гуайн зохиолыг ямар ч зөвшөөрөлгүйгээр ингээд хулгайлаад бүтээл хийж байгаад нь зохиолч хүний хүүхдийн хувьд надад үнэхээр хүнд туссан. Зохиолчдын үр хүүхдүүд гэлтгүй зохиолчид маань ч гэсэн одоо нэгдэж, оюуны өмчөө хамгаалах цаг болсон. Хулгай хийж байгаагаа бүтээл хийж байна гэж бодож буй ухамсаргүй хүмүүстэй тэмцэх цаг нь болсон. Оюуны өмчөөр баталгаалжуулчихаад байхад хулгайлаад байгааг хуулийн дагуу арга хэмжээ авдаг болох ёстой. Оюуны өмчийн газар зохиолчдынхоо оюуны өмчийг хамгаалдаг болох хэрэгтэй. Хуулиа маш сайн чангалах ёстой.
-Ц.Доржготов гуайн хувьд өөрийнхөө эрх ашгийг хамгаалж, хуулийн байгууллагад хандсан байгаа юм билээ?
-Ц.Доржготов гуай бас л миний аавын адил зохиол бүтээлээ хулгайд алдаад явж байгаа хохирогч хүн. Тэгэхээр хуулийн байгууллагад хандсан байгаад би хувьдаа маш их талархаж байгаа. Энэ бол эхлэл болж байгаа бөгөөд цаашдаа оюуны өмчийн хулгайг таслан зогсооход том дэмжлэг болох юм. Хулгай хийж байгаа нөхөд зохиолчдын оюуны өмчийг ашиглаж, орлого олоод байна. Гэтэл зохиолчдод яагаад уран бүтээлийг нь үнэлээд урамшуулж болдоггүй юм. Зохиолч хүний хүүхдийн хувьд би ч гэсэн аавынхаа уран бүтээлийг хамгаалахын төлөө Ц.Доржготов гуайтай нэгдэж тэмцэнэ ээ. Амьд сэрүүн байгаа зохиолчдоо хүндэтгээд очиж уулзаад энэ зохиолоор нь бүтээл хийе гэхэд манай зохиолчид баярлаад үнэгүй ашиглах эрхээ ч өгч мэдэх тийм л гэгээн хүмүүс шүү дээ. Мөнгөнөөс илүү бүтээлийг нь үнэлээд хүндэтгээд ирэхээр зохиолчид чинь хөөрч омогшдог, баярладаг тийм л хүмүүс. Би ч гэсэн аавынхаа олон бүтээлийг хулгайд алдчихаад яахаа мэдэхгүй байсан. Гэтэл Ц.Доржготов гуай минь “мөс зүсч” зохиолчдынхоо бүтээлийг хамгаалахаар зүтгэж байгаад үнэхээр их талархаж байна. Надад маш их урам зориг, итгэлийг өгч байгаа. Үүнээс хойш би аавынхаа уран бүтээлийг хамгаалахын төлөө илүү их зүтгэнэ.
-Ц.Доржготов зохиолчийн эмзэглэж яваа нэг өнцөг бол “Миний зохиолдоо хэлэх гэсэн санааг гуйвуулсан” гэж гомдол гаргасан байсан?
-Миний аавын зохиолыг ч мөн ингэж утга санааг нь гуйвуулсан. Аль 80-аад онд бичсэн зохиолыг нь хэт орчин үеийнх болгох гээд маазраад, хошигнол гэдэг амин сүнс нь байхгүй, хошин шог урлаг биш болгочихсон. Урлаг биш харин ч бүр эсрэгээрээ хүн бухимдахаар, утга санаа байхгүй, үзэл бодол байхгүй, марзаганасан, маазарсан зүйл болгочихож байгаа юм. Би үүнд маш их харамсч явдаг. Гэтэл дээхнэ үед жүжигчид зохиолч дээрээ ирж ярилцаж, зохиолыг нь авч хэрэглэхдээ гол үзэл санааг нь алдагдуулахгүйгээр хэрхэн тайзны болоод дэлгэцийн уран бүтээл хийх вэ гэдгээ зохиолчтойгоо ярилцаж, эцсийн бүтээлээ гаргадаг байлаа. Жүжигчин Д.Цэрэндарьзав гуай, Д.Сосорбарам ах гээд олон жүжигчин манайхаар ирж “энэ зохиолыг надад тааруулаад та янзлаад өгөөч, энэ зохиолыг ингэж тогловол ямар байна” гэх мэт хоёр талаасаа ярилцаж байгаад тайз, дэлгэцийн бүтээл болгож байсан нь цөөнгүй. Харин одоо бол шууд л хулгайлаад хийчихдэг, хүний урманд ядаж нэр усыг нь тавих ёс зүй ч байхгүй. Зохиолч байхгүй болсон, тэр тусмаа хошин шог зохиолч байхгүй болсон өнөө цагт хошин урлагийн жүжигчид хулгай хийсээр байх болно. Харин тэдний ёс зүйд зөвшөөрөл авдаг гэдэг ухамсар байдаггүй нь харамсалтай. Аавыг минь амьд сэрүүн байхад ч хошин урлагийнхан зохиолыг нь хулгайлж гомдоож байсан. Энэ талаараа аав минь “Хошин урлаг хогийн тантан болжээ” гэсэн нийтлэл сонин дээрээ бичиж байлаа. Хошин шог гэдэг чинь урлаг юм. Гэтэл өнөөгийн хошин урлагийнхан зүгээр нэг маазрал хийчихээд тэрийгээ хошин урлаг гэхээсээ ичих хэрэгтэй. Ийм учир хошин урлаг мөхөөд байгаа юм.
-Эцэст нь та хошин урлагийнханд хандаж юу хэлэх үү?
-Оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашиглахаа болиоч ээ. Аавын минь бүтээлийг ашиглахдаа амьд сэрүүн байгаа ээжээс минь очоод зөвшөөрөл аваач ээ. Их юм орохгүй шүү дээ, энэ чинь хүний сэтгэл, хүндлэл, хүндэтгэл. Ээж минь аавын минь редактор байлаа. Аав минь зохиолоо гараар цаасан дээр бичээд ээж минь бичгийн машин дээр шивдэг байлаа. Бүх зохиол нь ээжийн гараар орж бэлэн болдог байв. Бид хэд ч гэсэн аавыг “тэмдэглээд аваарай” гэхээр гуравхан үгийг сонины буланд, цаасны хэлтэрхий дээр гялс бичиж авдаг байсан. Өглөө босоход тэр гуравхан үг бүхэл бүтэн зохиол болчихсон байдаг нь үнэхээр гайхамшигтай байлаа. Тэгж шатаж, бадарч бичсэн зохиол бүтээлийг нь дурын нэг жүжигчид хулгайлаад байгаад маш их гомдолтой явдаг.
Эх сурвалж: Horiotoi.mn