Өмнөд Африкт бүртгэгдсэн “MV Hondius” хөлөг онгоц дээрх Хантавирусийн дэгдэлт нь хүнээс хүнд халдварлах чадвартай “Андс” (Andes) омог болохыг албан ёсоор баталлаа. Энэхүү омог нь Хантавирусийн төрлүүдээс хүнээс хүнд халдварлах боломжтой нь тогтоогдсон цорын ганц хувилбар бөгөөд халдвар дамжих тохиолдол маш ховор ч маш ойрын хавьтлын үед эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.
Өмнөд Африкийн Эрүүл мэндийн сайд Аарон Мотсоаледи парламентын тайландаа тус улсын лабораторид шинжилсэн хоёр тохиолдлоос “Андс” омог илэрснийг мэдээлжээ.
Хантавирус нь өндөр халуурах, амьсгалын хүндрэл үүсгэх аюултай халдвар бөгөөд эрт илрүүлэлт, хавьтлын хяналт маш чухалд тооцогддог.
Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлууд нэмэгдэж байна
Өмнөд Африкт аяллын хөлөг онгоцтой холбоотой хоёр дахь нас баралт 3 хоногийн өмнө бүртгэгдэж, Их Британийн иргэнээс халдвар илэрсэн.
Одоогоор 62 хавьтлыг тогтоосноос 42 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан бол үлдсэн 20 хүнийг олж тогтоох, тандалтад хамруулах ажлыг үргэлжлүүлж байна.
Европт анхны батлагдсан тохиолдол Швейцарт бүртгэгдсэн.
Монгол Улсад хийгдсэн хантавирусийн судалгааны үр дүн
ЗӨСҮТ болон БНХАУ-ын мэргэжилтнүүдийн хамтарсан судалгаагаар Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцын 7.7%-д хантавирус илэрсэн байна. Мөн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумдын иргэдийн цусны ийлдсийн шинжилгээгээр хантавирусийн эсрэгбие (IgG) тодорхойлогдсон нь уг халдварын эрсдэлийг судлан тандалт хийх шаардлагатайг харуулж байна.
Батлагдсан тохиолдлын аяллын маршрутыг судалж байна
Нидерландын хоёр иргэн 2025 оны 11-р сараас эхлэн Аргентин, Патагони, Мисионес муж болон Уругвайгаар 40 хоног аялж, 2026 оны 3-р сард Ушуайя хотод иржээ. Урьдчилсан байдлаар тэд шувуу ажиглах үеэр мэрэгч амьтдын ялгадаснаас халдвар авсан байж болзошгүй гэж үзэж байна.
Хантавирусийн дэгдэлттэй холбоотойгоор халдварын голомт болсон хөлөг онгоц одоогоор Баруун Африкийн эрэг орчимд зогсож байна. Зорчигчид хөлөг онгоцон дээр хэвийн горимоор байрлаж байгаа бөгөөд ДЭМБ-ын эмч нар эмнэлгийн тусламж, тандалтыг үргэлжлүүлэн хариуцаж байна.
Кабо-Верде улс өвчтөнүүдийг нүүлгэн шилжүүлж, олон улсын эрүүл мэндийн дүрмийн хүрээнд арга хэмжээ авч буйгаа мэдэгдээд байгаа юм. Харин нас барсан зорчигчийн цогцсыг Кабо-Верде улсад чандарлах боломжгүй болсон тул хөлөг онгоцны хүйтэн өрөөнд хадгалж, Канарын арлууд руу хүргэхээр шийдвэрлэжээ.
Одоогоор олон улсын байгууллагууд болон эрүүл мэндийн багууд халдварын эрсдэлийг хянах, тандалт хийх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Нүүлгэн шилжүүлэлт ба халдварын бэлэн байдал
Өвчтөн тээвэрлэж буй онгоц Канарын арлуудад шатахуун цэнэглэн, Тенерифе аралд хүрсний дараа үлдсэн 140 зорчигчийг эх оронд нь буцаахаар болжээ.
Испанийн Эрүүл мэндийн сайд энэхүү ажиллагаа нь олон нийтэд эрсдэл учруулахгүй гэдгийг мэдэгдсэн байна. Мөн Нидерландын эмнэлгүүд халдвараас хамгаалах бүх бэлтгэлээ бүрэн хангаж, бусдад халдвар тархах эрсдэлгүй гэж онцолжээ.
АНУ болон Швейцар улс өөрийн орны иргэдийг хүлээн авч, тусгаарлалт тандалтын арга хэмжээг эхлүүлээд байна.
“Андс” омог нь хүнээс хүнд халдварлах чадвартай гэдгээрээ онцлог тул аялал, олон нийтийн газраар зорчих үедээ амны хаалт хэрэглэх, гарын ариун цэврийг сахих, мэрэгч амьтны ялгадас, бохирдолтой орчноос сэргийлэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: ЗӨСҮТ