Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.07.03)-ийн үдээс хойших хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа, А. Ганбаатар нарын 65 гишүүний өргөн мэдүүлсэн Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр үргэлжлэв.
Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм. Манай улсад асрах үйлчилгээний харилцааг Нийгмийн халамжийн тухай болон бусад хууль тогтоомжоор хэсэгчлэн зохицуулж байгаа боловч иж бүрнээр, цогцоор нь зохицуулсан эрх зүйн орчин бүрдээгүй байгааг тэрбээр дурдсан юм. Үүний улмаас асрах үйлчилгээний хүртээмж, чанар хангалтгүй, хүний нөөцийн тогтолцоо төлөвшөөгүй, санхүүжилтийн эх үүсвэр хязгаарлагдмал, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын оролцоо сул байгааг өгүүлж, энэ төрлийн үйлчилгээний эрх зүйн үндсийг бүрдүүлэх үйлчилгээний төрөл хэлбэр, стандарт үйлчилгээ үзүүлэгч болон үйлчилгээ авагчийн эрх, үүрэг, санхүүжилтийн тогтолцоо, төрийн дэмжлэг, хяналт, хариуцлагыг цогцоор нь зохицуулах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэсэн юм.
Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл 10 бүлэг, 30 зүйлтэй, уг үйлчилгээний төрөл, хэлбэр, хамрах хүрээг тодорхойлох, гэрээр болон байгууллагад өдрийн болон явуулын үйлчилгээ үзүүлэх эрх зүйн үндсийг тогтоох, үйлчилгээ үзүүлэгчид тавигдах шаардлага, хүний нөөц, сургалт, мэргэжлийн тогтолцоог бүрдүүлэх, мөн үйлчилгээ авагчийн эрх, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагаа үйлчилгээ худалдан авах болон олон эх үүсвэрт санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх, үйлчилгээний чанар, хяналт, хариуцлагын тогтолцоог бий болгох зэрэг үндсэн зохицуулалтыг тусгасан байна. Мөн хууль санаачлагчид төслийг боловсруулах хүрээнд хэрэгцээ шаардлагын урьдчилсан тандалт судалгаа, үр нөлөөний үнэлгээг хийж, Герман, Япон, БНСУ зэрэг улсын туршлага, эрх зүйн зохицуулалтыг судалж, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Азийн сан, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс зэрэг байгууллагын судалгааны үр дүнг ашигласан байна.
Хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, А.Ганбаатар, М.Нарантуяа-Нара нар үг хэлж, дэмжсэн байр суурь илэрхийлсэн байна. Санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, О.Саранчулуун, Х.Болормаа, Д.Ганмаа нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс болж шаналж, ар гэрийнхнийхээ асрамж, халамжид орсон хүмүүс олон байдгийг дурдан, хуулийн төслийг дэмжиж байгаагаа хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун үйлчлүүлэгчийн сэтгэл зүй, нийгмийн хамгаалал шаардлагатай болсон тохиолдлыг хэрхэн тодорхойлох, асрагчдыг хэрхэн бэлдэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн халамжийн төвүүдийн үйл ажиллагааг хэрхэн зохицуулах талаар асуулт асууж, хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Болормаа иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх зорилгоор энэ төрлийн үйлчилгээний төрөл, ангилал ямар байх, асрах үйлчилгээний төвүүдийг хэрхэн байгуулах тухай асууж, хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зарим төрөл зүйлтэй давхардаж болзошгүйг анхааруулаад, үйлчилгээний төлбөр, зардлын талаар тодорхой тусгах шаардлагатай гэлээ.
Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэболд нар үг хэлж, хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлэв. Санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.
Төвийн эрчим хүчний төслийн III үе шатны зээлийн болон төслийн хэлэлцээрийг соёрхон баталлаа
Монгол Улсын Засгийн газраас энэ сарын 02-ны өдөр буюу өчигдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны 17 сая еврогийн зээлийн болон төслийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаарх танилцуулгын Сангийн сайд З.Мэндсайхан хийв. Энэхүү хэлэлцээрийг Улсын Их Хурлын Эдийн засгийн, Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын хуралдаанаар энэ оны дөрөвдүгээр сард хэлэлцэн дэмжсэний дагуу Засгийн газар зургадугаар сард гарын үсэг зурсан байна. Төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр хороонд шинээр дэд станц, хос цахилгаан дамжуулах кабель шугам барьж одоо байгаа Туул дэд станцыг өргөтгөх ажлыг гүйцэтгэх юм.
Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр танилцууллаа. Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн үр ашиг болон эрчим хүчний төслийн зээлийн эргэн төлөлтийн тухай, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр гадаад зээлийн бодлого, эрчим хүчний өвөлжилтийн бэлтгэлийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр гадаад зээлийг ашиглалт, өрийн хязгаар, 10 аймгийн дулааны станцын нөхцөл байдал, Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар олон улсын зээлий хүрээнд хэрэгжиж байгаа эрчим хүчний магистраль шугамын ажлын удаашрал, түүний шалтгаан, мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн болон хот хоорондын эрчим хүчний магистраль шугамыг шинэчлэх төлөвлөгөө байгаа эсэхийг асууж, хариулт авчээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүжин гадаад зээл, тусламжийн төсвийн сахилга батыг олон улсын стандартад нийцүүлэх төслийн нэгдсэн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх талаар үг хэлсэн байна.
Зээлийн болон төслийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Сангийн сайд З.Мэндсайхан болон Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаярын хийсэн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Д.Ганбат нар асуулт асууж, эрчим хүчний салбарын төслийг зээлүүдийг ихэвчлэн гадаад валютаар авснаас болж ханшийн уналтаас хамааран төслийн өртөг өсөж байгаад анхаарах шаардлагатайг болон эрчим хүчний нөөцийг бүрэн ашиглах, өмнө эхлүүлсэн төслүүдийн удирдлага, менежментийг сайжруулах эрэлт хэрэгцээ байгааг онцолсон юм.
Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын зээлийн болон төслийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, эцэслэн баталлаа.
“Эрчим хүч IV” төслийн зээлийн хэлэлцээрийг батлав
Дараа нь Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын 78 сая ам.долларын “Эрчим хүч IV” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцээрт энэ оны тавдугаар сард гарын үсэг зурсан гэдгийг Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулж, “Эрчим хүч IV” төслийн хүрээнд Мандалговь-Арвайхээр чиглэлийн 287 км урт, 220 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, Өвөрхангай дэд станцыг шинээр барих, Баянхонгор, Арвайхээр, Мандалговь дэд станцыг өргөтгөх ажлуудыг хийнэ гэлээ.
Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл танилцуулав. Тэрбээр Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед эрчим хүчний бие даасан байдлыг нэмэгдүүлэх, дулааны болон цахилгаан станцуудын нүүрсний нөөцийг бүрдүүлж, хангамжийг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатай талаар үг хэлсэн байна.
Засгийн газрын танилцуулга болон Байнгын хорооны санал дүгнэлтийн талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсэнгүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн эрчим хүчний салбарын хүндрэлтэй нөхцөл байдал өмнөх Засгийн газруудын үеэс хуримтлагдсан тухай сайд Б.Найдалаагийн тайлбарт хариу өгч, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарч, бүс тутамд 50 мВт-ын салхин станц барих нь зүйтэй гэлээ.
Санал хураалт явуулахад “Эрчим хүч IV” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин батлав.
“Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг баталлаа
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дараа нь хэлэлцлээ. Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулгадаа 65.0 сая еврогийн тус хэлэлцээрийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, Дуурь бүжгийн эрдмийн театр зэрэг долоон байгууллагад нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчлэх, суурилуулах, хүний нөөцийг чадавхжуулах төслүүдийг хэрэгжүүлнэ гэлээ.
“Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийг төслийг хэлэлцсэн тухай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар Монгол Улсад нас баралтын тэргүүлэх шалтгааны дотор хорт хавдар өндөр хувийг эзэлж байгаа бөгөөд хорт хавдрын нейронавигац стеротактик оношилгоо эмчилгээний төв байгуулах нь хорт хавдрыг өндөр нарийвчлалтай гэмтэл багатайгаар эмчлэх боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтойг тайлбарласан байна. Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцон гишүүдийн олонх дэмжжээ.
Сайдын танилцуулга болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар үг хэлж, үндэсний их баяр наадмын өмнө том хэмжээний зээлийн хэлэлцээрүүдийг Улсын Их Хурлын гишүүдээр олигтой хэлэлцүүлэлгүй соёрхон батлах нь буруу гэсэн байр суурь илэрхийллээ. Улсын их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжсэнээр эцэслэн баталлаа.
Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал, хяналт шалгалтын цаглавар батлав
“Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг дараа нь хэлэлцлээ. Улсын их Хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцсэн тухай санал дүгнэлтүүдийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Баярбаатар нар танилцуулав. Тус Байнгын хороо тогтоолын төслүүдийг энэ сарын 01-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Тогтоолын төслүүдийг батлах Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул тогтоолуудыг батлагдсанд тооцож, Улсын Их Хурлын дарга уншиж сонсголоо.
Үргэлжлүүлэн, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг уншиж сонсгосон юм. Үүгээр Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал дууссан тул тэрбээр үг хэлж, ээлжит чуулганы үйл ажиллагааг өндөрлүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.