2026 оны Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд оролцсон бөхчүүдээс нийт 64 сорьц цуглуулан шинжилгээнд хамруулсан.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 22:00 цагт ирүүлсэн шинжилгээний эхний хариугаар 63 сорьцын шинжилгээ бүрэн дууссан байна.
Дээрх 63 сорьцоос хориглосон бодис, хориглосон арга, тэдгээрийн метаболит болон маркер илрээгүй болохыг лаборатори мэдээлжээ.
Нэг сорьцын шинжилгээ лабораторид үргэлжилж байгаа бөгөөд эцсийн хариу хараахан ирээгүй байна. Тухайн сорьцын хариу ирээгүй байгаа нь хориглосон бодис илэрсэн гэсэн үг биш бөгөөд шинжилгээ бүрэн дууссаны дараа лабораторийн албан ёсны хариуг олон нийтэд мэдээлнэ гэж ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Бөхийн салбар хорооны дарга Б.Батбямба мэдээллээ.