Гаалийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар нь гаалийн байгууллагын дотоод хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Гаалийн байгууллагын хувьд өнгөрсөн 2025 оны байдлаар нийт 97 албан хаагч тус нэгж дээр шалгагдсаны 26 нь авилга, хээл хахуулийн асуудалд холбогдож хууль хяналтын байгууллага руу шалгуулахаар шилжүүлсэн, 63 нь дотоод хяналт шалгалт явуулах журмын дагуу төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага тооцсон, 6 албан тушаалтныг гаалийн албанаас халсан байна. Үүнээс:
-албан үүрэгтээ хайнга хандсан,
-татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон,
-ажил тасалсан,
-хөрөнгө орлогоо буруу мэдүүлсэн зэрэг зөрчлүүд зонхилж байна.
2026 оны эхний байдлаар нийт 9-н албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулжээ. Үүнээс дотоод хяналтын нэгжид иргэд, ААН-ээс 23 удаагийн гомдол, мэдээлэл ирүүлсэнтэй холбогдуулан 54 албан хаагчийг шалгаж, холбогдох шийдвэрийг гарган иргэд ААН-үүдэд хариу мэдээллийг хүргүүлсэн байна.
Иргэн н.Нэргүйгийн өчигдөр 23:00 цагт “говь.мн” сайт дээр тавигдсан мэдээлэл, бичлэгтэй холбоотойгоор чиг үүргийн дагуу хууль хяналтын байгууллагатай хамтран шалгалтын ажиллагааг өнөөдөр өглөөнөөс эхлүүлээд явуулж байгаа гэдгийг ГЕГ-аас мэдээллээ.