Монголын хүүхдүүдийн хамгийн их шимтэн уншдаг “Цондоолой, Цүндээлэй хоёр”, “Динза” зурагт номын зохиолч, уран бүтээлчид хотын удирдлагуудын эргэж буцсан шийдвэрүүдийн балгаар их хэмжээний хохирол амсаад байна гэдгээ илэрхийллээ. Учир нь саяхан болж өнгөрсөн номын баяраар тэд Монголд анх удаа зөвхөн ном борлуулах төдий бус эцэг эх, багш сурагчдыг хамруулсан сургалт хэлэлцүүлэг өрнүүлэх, хүүхэд тоглож наадангаа унших орчныг бүрдүүлсэн 725 м.кв бүхий томоохон байгууламжийг Сүхбаатарын талбайд барьж байгуулсан юм. Энэхүү үйл ажиллагаанаас олсон орлогоороо номын зохиолч дунд сургуульд ном унших орчныг бий болгож тохижуулахаар төлөвлөжээ. Нийтдээ 100 сургууль ийм орчинтой болох аж. Энэ ч утгаараа номын баярын хамгийн оролцоотой, бужигнаантай байсан Номын байшингийн хэсэгт гуравхан өдрийн дотор 20 мянга гаруй хүүхэд оролцсон байна.
Хотын захиргааныхан ч энэхүү үйл ажиллагааг анхнаас нь дэмжин Номын байшинг Сүхбаатарын талбайд байршуулахыг зөвшөөрсөн байна. Гэсэн ч ердөө маргаашаас нь эхлэн хотын захиргааныхан энэхүү зөвшөөрлөө үгүйсгэн Номын байшинг яаралтай буулга, нураа гэх зэргээр дарга нар, албан хаагч нараараа дамжуулан удаа дараа дарамталсаар өнөөдрийг хүрч байгаа аж.
Энэ талаар тус номын зохиолч А.Дэлгэржаргалаас тодруулахад “Х.Нямбаатар дарга Сүхбаатарын талбай дээр хоол тараахын тулд нэг тэрбумыг цацсан хэрнээ хүүхдэд зориулсан Номын байшинг өөрийн гараар нураана хэмээн сүрдүүлж байгаад харамсаж байна. Бид нийслэлийн удирдлагуудаас номын баяраа дуусгаад Номын байшингийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтийг тавьсан. Тэд ч уг үйл ажиллагааг маань зөвшөөрч, есдүгээр сарын 21-нээс хойш үргэлжлүүлж болно гэсэн учир бид хотынхон маань хүүхдийн асуудлыг анхаардаг юм байна хэмээн талархаж байв. Гэтэл нийслэлийнхэн тун удалгүй энэхүү зөвшөөрлөөсөө эргэж буцан, хоёр ч удаагийн шийдвэрээ 1-2-хон хоногийн дотор өөрчлөн биднийг хөөж эхэлсэн. Хоёрхон цагийн дотор багтааж Номын байшингаа гараараа машин зам руу зөөх шаардлага тавих гэх мэтээр дарамт үзүүлсээр байна. Шалтгааныг нь асуухаар, “Х.Нямбаатар дарга буулга гэсэн” гэх ганцхан тайлбартай, “Манай дарга ууртай шүү, өөрөө очиж наад байшинг чинь нураахаас өмнө нүүлгэ” гэх зэргээр сүрдүүлж байна.
Шийдэл олох, ярилцах зорилгоор хотын удирдлагуудтай уулзаж хөтөлбөрөө танилцуулах хүсэлтийг удаа дараа тавихад нэг ч удаа хариу өгөөгүй. Энэ мэт дарамт, сүрдүүлэг, хүнд суртлаас болж бид төлөвлөсөн үйл ажиллагаагаа хэрэгжүүлж чалдалгүй хугацаа алдсаар, бидний барьсан байгууламж, бусад үйл ажиллагаатай холбоотой түрээсийн зардлууд өссөөр өнөөдөр өндөр дүнтэй хохирол амсаад байна.
Есдүгээр сарын 26-ны байдлаар гэхэд 30-аад сая төгрөгийн алдагдал, хохирол амссан тухайгаа бид албан бичгээр мөн хүргүүлсэн. Хотын захиргаа анхнаасаа зөвшөөрсөн учраас бид энэ хугацаанд зочид, уншигчид, номын клубүүд, багш, захирлуудын бүхий л уулзалт, хандивлагчдын үйл ажиллагааг төлөвлөөд байснаа цуцалчихлаа.
Ингэж тодорхойгүй байдал үргэлжилсээр есдүгээр сарын 29-нд Чингэлтэй дүүргийн Ялалтын талбайд байршхыг зөвшөөрсөн гэсэн хариуг хотын захиргааныхан бидэнд өгсөн. Бид ч үүний дагуу бэлтгэл ажлаа хангаж байтал маргааш нь буюу есдүгээр сарын 30-нд “Өчигдрийн зөвшөөрлөө цуцаллаа” хэмээгээд, “Аравдугаар сарын 1-нд танай Номын байшинг газрын албаныхнаар албадан буулгуулна” гэж мэдэгдэв. Ингээд үндсэндээ өнгөрсөн есдүгээр сарын 21-нээс хойш 10 хоногийн хугацаанд хотын захиргааныхны хоёр ч удаа гаргасан эргэж буцсан шийдвэрээс болж бид сэтгэл санаа, цаг хугацаа, үйл ажиллагаа, эдийн засгийн хохирол амсаад байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар энэ хооронд бэлтгэл ажлын зардал болон хуваарьт ажлаас орж ирэх хандивын орлого гээд нийт 70 орчим сая төгрөгийн алдагдалд ороод байна. Лед дэлгэц гэхэд л цагийн түрээсийн үнэ хэдэн төгрөг байдгийг хувийн бизнес эрхлэгчид бүгдээрээ гадарлана. Гэтэл өнөөдрөөс эхлээд биднийг гүтгэсэн мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч эхэллээ. Эсрэгээрээ, намайг л албан тушаалтнуудыг дарамталсан мэт болгож харагдуулж байна.
Дээр дурьдсан, хохирол амссан мөнгөн дүнгээрээ бид 1-2 сургуулийн орчныг тохижуулчих боломжоо алдчихаад байна. Бидний хэрэгжүүлж буй 100 сургуулийн нийтийн талбайд ном унших орчныг бүрдүүлэх тохижолтын ажил маань сургуулийн анги танхимын ачааллыг бууруулах, багшийн нийгмийн асуудлыг шийдэх, олон улсын унших ойлгох чадварын PISA үнэлгээгээр доогуурт үнэлэгдсэн одоогийн боловсролын доголдлыг арилгах, хүүхэд хөгжил төлөвшлийн олон талт хөтөлбөрийг уялдаатайгаар зохион байгуулах, Олон улсын “Нэйшнл Жеографик” нийгэмлэгийн менежментийн технологийг нэвтрүүлсэн, монголчилж 10 гаруй жилийн судалгаа хөгжүүлэлтийг хийсэн ажил юм.
А.Амартүвшин дарга нь өөрөө оролцоод мэргэжилтэн н.Жамбалсүрэн, Нийслэлийн Соёлын газрын дарга Г.Жанцансамбуу нар нь “Газрын асуудлыг нь шийдье” гэж надтай тохирсон чат, мессежүүд ч бий. Шаардлагатай бол тэдгээрийг дэлгэе. Хүнээ боддоггүй хотын дарга нарын шийдвэр, хэрэгжилт хоёр нь хэрхэн зөрж байгааг энэ өдрүүдэд манай хамт олон бие сэтгэлээрээ мэдэрлээ. Бид бүхий л хохиролоо барагдуулах гомдлыг хуулийн хүрээнд гаргах болно” гэлээ.