Богдхан уулын дархан цаазат газар бол Монгол Улсын анхны тусгай хамгаалалттай газар нутгийн нэг бөгөөд дэлхийн эртний дархан цаазат уулсын нэг юм. Мөн ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээ”-нд бүртгэгдсэн байгалийн онцгой үнэ цэнтэй экосистем билээ. Нийт 41 мянга гаруй га талбай бүхий Богдхан ууланд 54 зүйл хөхтөн, 194 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг. Гэвч Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, суурьшлын бүсийн тэлэлт, авто зам болон дэд бүтцийн хөгжлийн улмаас зэрлэг амьтдын амьдрах орчин хуваагдаж, чөлөөтэй шилжин нүүх боломж улам бүр хязгаарлагдаж байгаа юм. Ялангуяа халиун буга болон бусад туруутан амьтдын хувьд уулнаас Туул голын сав, ус, тэжээлийн эх үүсвэр рүү шилжих байгалийн хөдөлгөөн авто зам, барилга байгууламж зэрэг саадтай тулгарч буй учраас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрлэг амьтдын амьдрах орчныг холбож, аюулгүй шилжилт хөдөлгөөнийг хангах экологийн гүүрэн гарцын төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
Энэ талаар тус газраас “Шинжлэх ухааны судалгаа, амьдрах орчны загварчлалд үндэслэн Хүрхрээгийн ам, Чандманы ам орчимд хоёр байршлыг сонгон, экологийн гарцын архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг боловсруулж байна.
Экологийн гарц бол зөвхөн зам дээгүүр барих гүүр биш. Энэ бол амьдрах орчны хуваагдлыг бууруулах, зэрлэг амьтдын нүүдэл шилжилтийг сэргээх, ус болон тэжээлийн эх үүсвэрт хүрэх боломжийг нэмэгдүүлэх, экологийн коридорыг хамгаалах цогц шийдэл юм. Байгалийн гамшиг, ой хээрийн түймэр зэрэг эрсдэл үүссэн үед ч амьтад аюултай бүсээс шилжин гарах боломжтой болно.
Богдхан уулын экологийн гарц бол зэрлэг амьтдад аюулгүй нүүдэл, байгальд ээлтэй хөгжил, хүн ба байгаль зэрэгцэн орших ирээдүйн шийдэл юм” хэмээн тайлбарлалаа.